ОУОХ-ны зөвлөлдөх уулзалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нь Олимпын хөдөлгөөний оролцогч талууд болох ОУОХ-ны гишүүд, Үндэсний Олимпын хороод, Олон улсын спорт холбоод болон тамирчдын төлөөлөлтэй өнөөдөр цахим уулзалт хийж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Цахим
уулзалтаар “Спортоор дамжуулан дэлхий дахинд энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэх”
Олимпын хөдөлгөөний зорилт болон ОУОХ-ны зорилгыг бүх талаар дэмжихээ талууд
илэрхийлжээ.
Энэтхэг улсын Шинэ Дэли хотноо 9 дүгээр сард зохион байгуулагдсан G20 уулзалтын тунхаглал болон НҮБ-ын гишүүн 120 улсын декларацийн дагуу “Парис 2024 Олимп, паралимпын наадмыг бид энх тайвны бэлэг тэмдэг болохын хамтаар 206 улс орнуудын тэгш оролцоог хангасан байна гэж итгэж байна” заасныг харгалзан “Парис 2024” олимпын наадамд оролцогч тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид нь Олимпын наадмын дүрэм журмыг дагаж мөрдсөнөөр энх тайван, эв нэгдлийг дэмжиж буйн илэрхийлэл болгон гарын үсэг зурах болсныг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс батламжилсан байна.
Олимпын
наадамд 10,500 тамирчин оролцохоос одоогийн байдлаар 4,600 тамирчин олимпын
наадамд оролцох эрхээ хэдийнээ аваад байгаа бөгөөд үүний 11 тамирчин нь ОХУ,
Беларусь улсын паспорт эзэмшигч тамирчин байгаа талаар мэдээлжээ.
Тамирчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн 2023.06.28-ны өдрийн шийдвэрийн дагуу улс төрөөс ангид, дайн байлдааны үйл ажиллагаанд оролцоогүй, дэмжээгүй болох нь баталгаажсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тодорхой шаардлагуудыг хангасан дээрх орны тамирчид Олимпын эрх олгох журмын дагуу эрхээ авч, зөвхөн тамирчид ОУОХ-ны цагаан тугийн дор оролцох боломжтой юм байна.