Монголын “The MongolZ” баг дэлхийд 30-д бичигдэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-19 16:21:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “CS2” тоглоомын томоохон тэмцээн зохион байгуулагчдын нэг “ESL”-ийн зүгээс шинэчилсэн чансаагаа өчигдөр танилцуулжээ.


Тус чансааг 1863 оноотой “Faze Clan” тэргүүлсэн бол “Team Vitality”, “MOUZ”, “Complexity”, “G2 Esports”, “NaVi” зэрэг багууд удаалсан байна.


Харин Монголын “The MongolZ” баг шинэчилсэн чансаагаар дэлхийд 30 дугаар байрт, Азидаа нэгдүгээрт бичигдэж эхэллээ. Тэд өмнө нь дэлхийн чансааны 53 дугаарт бичигдэж байсан юм.


Азийн чансааг хэдхэн хоногийн өмнө Хятадын “Lynn Vision Gaming” баг тэргүүлж байсан бол “The MongolZ” Атлантад үзүүлсэн сайн тоглолтынхоо ачаар эргэн Азийн номер нэг баг болж чадлаа. Мөн Монголын "АТОХ Esports" баг дэлхийн чансааны 104 дүгээрт, Азидаа долдугаарт бичигдэж байгаа бол монгол тамирчидтай Тайландын "Team NKT" тэдний яг дээр бичигдэж байна.


Атланта хотод болсон “ESL Challenger” тэмцээнд оролцсон “The MongolZ” баг “Complexity”-ийг хоёр ч удаа хожиж, хагас шигшээд шалгарсан ч Оросын “Virtus.pro” багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Ингэснээр тэд чансаа ахиж, ирэх оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхлэх 2023 оны “IEM Katowice” тэмцээнд тивээ төлөөлөн оролцох эрхтэй болж байна. Ази тивийг “ESL”-ийн чансаагаар тэргүүлсэн цор ганц баг “IEM Katowice” тэмцээнд оролцох билээ.


Ерөнхийдөө дэлхийн томоохон тэмцээнүүдийг зохион байгуулагчдын зүгээс Ази тивд ихэнхдээ ганцхан эрх өгдөг байна. Уг нь Европ, Америк тивийн шилдэг багуудтай тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлэх боломжтой баг тамирчид байдаг ч төдийлөн хүч үзэх эрх олддоггүй ажээ.


Энэ талаар “The MongolZ”-ийн ахлагч Б.Гарьдмагнай/bLitz/ Атлантагийн тэмцээний үеэр ярьж “Азид авьяаслаг залуу тамирчид олон бий. Харин тэмцээнд оролцох эрх л байдаггүй. Ази тивд илүү олон эрх өгөөч” гэж байсан юм.

Related news