ХЭНТИЙ: “Хүүхэлдэйн контент” төслөөрөө 20 сая төгрөгийн дэмжлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-20 15:48:31
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд бүс, орон нутаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шинэлгээр, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөрийн шилдэг төслөөр Хэнтий аймгийн оролцогч С.Нямсүрэнгийн “Хүүхэлдэйн контент” төсөл шалгарч 20 сая төгрөгөөр шагнуулжээ.

Х.Нямсүрэн нь СӨБ-ын сургалтын хэрэглэгдэхүүн болгох замаар контентоор дамжуулан хүүхэд багачуудыг хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйлсэд санаачилгаараа нэгдэн гар бие оролцож байгаа  Хэнтий нутгийн залуусын төлөөлөл юм. Тэд багаараа Lemon сake хүүхэлдэйн төслийг санаачлан Нано Ноно нэртэй Youtube суваг ажиллуулж байна.
 
"Lemon cake" төслийг яагаад санаачлах болсон бэ? Нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөөг хэрхэн харж байна гэсэн асуултад тэрбээр хариулахдаа "Гадаадад ABC гээд англи цагаан толгойн дуу байдаг. Монгол хүүхдүүд дагаж дуулаад 26 үсгийг амархан сурчихдаг. Тиймээс СӨБ-ын хичээлийн хөтөлбөрийн боломжтой бүх агуулгаар дуу зохиож, хүүхэлдэйн контент хийвэл хөгжилтэй, сонирхолтой байдлаар хурдан мэдлэг олж авах юм байна гэж багийнхантайгаа  ярилцаад төслөө эхлүүлж байлаа. Багш нар хичээл заахдаа ашиглана. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүд бие дааж суралцах боломжтой. Шинэ үеийн хүүхдүүд өдөржингөө хэрэгтэй, хэрэггүй контент үзэж байна. Тэгвэл тэдний цагийг үр дүнтэй, хэрэгтэй мэдлэгээр сольж байна. Ер нь шүлэг цээжилснээс, хүүхэлдэйн кино үзэнгээ дуу сурвал хамаагүй хурдан" гэлээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Mon-X" төслийн уралдаан энэ жил дөрвөн үе шаттайгаар үргэлжилж, инновацын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд есөн төслийг шалгаруулж, тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20 сая төгрөгийг олгосон байна.
Related news