"Хавдрын эсрэг үндэсний аян 2016" Сэлэнгэ аймагт нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-26 15:12:53

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр өнөөдөр "Хавдрын эсрэг үндэсний аян 2016" нээлтээ хийлээ.

Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Сэлэнгэ аймагт эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах, шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах юм. Мөн мэс заслын эмч нарын баг хорт хавдрын мэс эмчилгээг хийж, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж, дадлагажуулах аж. Тус аян нь ард иргэдийн дунд хүлээлт болтлоо өргөжиж чадсанаараа ач холбогдолоо өгч байгаа гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.

Энэ жилийн хувьд нийт 8 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт хэрэгжсэнээр өндөрлөж байгаа гэнэ. Үүний өмнө Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудад ажиллаж ард иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулсан байна. Өнөөдөр эхэлсэн энэхүү аян энэ сарын 30 хүртэл явагдах юм.

"Хавдрын эсрэг үндэсний аян 2016" арга хэмжээг нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН банк, Хавдар судлалын Үндэсний төв, МҮОНТ-ээс хамтран зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news