Гавьяат тамирчин Б.Цэвээндаш Монгол Улсын хойд хил хүртэл гүйхээр замдаа гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-02 14:26:44

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Гавьяат тамирчин Б.Цэвээндаш хэт холын зайн өвлийн гүйлтээ өнөөдөр Зайсан толгойгоос эхлүүлэв. 

Тэрбээр гүйлтийнхээ талаар “Шинэ оны ажлын эхний өдөр хэт холын гүйлтээ эхлүүлэх гэж байгаад баяртай байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө, хүүхэд залуустаа үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор идэр есийн хүйтэнд гүйлтээ эхлүүлж байгаа юм. Боломжгүй зүйл гэж байхгүй. Өвлийн гүйлт маш их эрсдэлтэй.


Миний хувьд монголчуудаа нойрноос сэрээж, унтаа, залхуу байдлаас татгалзахыг уриалж байна. Хүүхэд залуус биеийн тамир, спортоор хичээллэж, эрүүл чийрэг, хүйтнээс айхгүйгээр спортоор хичээллээсэй. Монгол Улс маань эдийн засаг болон бүх зүйлээрээ тэргүүлсэн улс болоосой. Нас бол зөвхөн тоо. Би өнөөдөр 56 настай. Буруу зуршилтай хүмүүс эрүүл чийрэг байж, нийгмийн бухимдалд автахгүйгээр явган алхаж, гүйдэг байгаасай. Бидний өвөг дээдэс нүүдэл хийж, тэсвэр тэвчээртэй байж ирсэн. Хүн хэдий чинээ байгальтайгаа ойр байх тусам эрүүл чийрэг, эрч хүчтэй байдаг.


Би хэн нэгэнтэй уралдаагүй. Зайсан толгойгоос гүйлтээ эхлүүлж, Сүхбаатарын талбайд ирлээ. Энэ гүйлтээрээ Баянчандмань, Дархан, Сэлэнгэ, Алтанбулагаар дайрч ОХУ-ын хил хүртэл нийт 355 км замыг гүйж туулах юм. Зуны гүйлтээрээ Хэнтий аймгийн ойдоо зориулан 2023 оны долдугаар сарын 8-нд эхэлж, 618 километр замыг туулж, гүйсэн” хэмээн ярилаа.


Б.Цэвээндаш нь 2012, 2016 оны тавдугаар сард Эверестийн оргилд хоёрантаа гарсан бол 2015 онд гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамтаар дайралт хийсэн ч газар хөдлөлтийн улмаас 7000 метрийн өндөрт гараад буцаж байсан юм.

Related news