Монгол тамирчид мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-01-17 12:07:16

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чонсонг хотод энэ сарын 12-14-нд болсон “UIAA ICE CLIMBING WOLRD CUP 2024” буюу мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс монгол тамирчид  алт, мөнгөн медальтай эх орондоо ирлээ.


Тус тэмцээнд 16 орны 88 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, Н.Сэлэнгэ, Б.Баярмаа, Д.Отгонхүү нар өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртэж улсынхаа нэрийг өндөрт өргөсөн бол БНСУ-ын тамирчин Ян Мюн Вук хүрэл медаль хүртэв. Тамирчдын анхны дасгалжуулагч багш нь МҮСАХ-ны ерөнхий дасгалжуулагч ОУХМ Д.Батжаргал юм. 


Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбоо /МҮСАХ/-ны тамирчид: 

-2011 онд анх Дэлхийн цомын тэмцээнд оролцсон бол 2012 онд багаараа шигшээ 16-д шалгарч байв. 

-2015 онд ОХУ-ын Киров хотод зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах Мөсөнд авиралтын тэмцээнд багаараа 5 дугаар байр эзэлж байв.  

-2018 онд спорт авиралтын "Эверест" клубийн тамирчин ОУХМ Д.Энхбаатар Азийн аварга шалгаруулах Мөсөнд авиралтын тэмцээний анхны хүрэл медаль хүртэж медалийн буухиа эхэлсэн юм. 

-2023 оны Мөсөнд авиралтын цуврал тэмцээнээс ОУХМ Н.Хэрлэн, ОУХМ Ч.Мандахбаяр нар хос хүрэл медаль хүртсэн билээ. 

МҮСАХ анх 2000 онд “Монголын спорт авиралтын холбоо” нэртэй байгуулагдаж байсан төдийгүй 1986 онд үүсгэн байгуулагдсан “ЭВЕРЕСТ КЛУБ”-ээс эхтэй билээ. Мөн 2012 оны 10 дугаар сарын 10-нд МҮСАХ болох эрхээ ханган үндэсний хэмжээний холбоо болсон түүхтэй.


Ташрамд дурдахад, Монголын баг тамирчид Канадын Эдмонтон хотод хоёрдугаар сарын 16-18-нд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.




Related news