Монголын тамирчдын тэмцээн биатлоноор эхэлж, гүйлтийн цанаар дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-17 12:10:31

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон мужийн дөрвөн хотод болох залуучуудын өвлийн IV олимпын наадмыг хоёр хоногийн дараа нээнэ. Олимпод 80 орны 15-18 насны 1900 орчим залуу тамирчин 15 төрөлд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.


Энэхүү олимпод манай улсаас 12 тамирчин гурван төрлөөр оролцож байгаа бөгөөд гүйлтийн болон улсын цанынхан  Пёнчан хотын Хэнгэ дэх Alpensia олимпын цасан замд бэлтгэлдээ гарсан бол биатлоны залуучуудын баг Германаас өнөөдөр БНСУ-д ирж байна. Монголын багийн тэмцээн уралдаан энэ сарын 20-нд биатлоноор эхэлж, хоёрдугаар сарын 1-нд гүйлтийн цанаар өндөрлөх юм. Манай тамирчдын уралдаан хуваарийг танилцуулъя.


Биатлон

Сар, өдөр: Нэгдүгээр сарын 20, 21, 23

Болох газар: Пёнчан хотын Хэнгэ суман дахь Alpensia биатлоны талбай


Уулын цана

Сар, өдөр: Нэгдүгээр сарын 22, 23, 25

Болох газар: Чонсонд байрлах high1 цанын бааз


Гүйлтийн цана

Сар, өдөр: Нэгдүгээр сарын 29, 30, хоёрдугаар сарын 1

Болох газар: Пёнчан хотын Хэнгэ суман дахь Alpensia биатлоны талбай


Монголын багийн тугчаар уулын цанын тамирчин М.Манлайжав болон биатлонч Д.Нямсүрэн нарыг сонгосон бол багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллана. Манай гүйлтийн цанынхан Alpensia цанын баазад бэлтгэлээ хийж байгаа бол уулын цаначид Пёнчан, Каннин хотод "Dream" хөтөлбөрт хамрагдаж байна.

Сонирхуулахад, Залуучуудын өвлийн олимпын наадмын нээлтийн тасалбар хэдийн дууссан бол тэмцээн уралдааных 10-30 мянган воноор зарагдаж байна.

Related news