АНУ-д хүйтний улмаас 90 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-01-22 17:18:28

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 22 /CBS/. АНУ-ын ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт эрс хүйтэрсний улмаас 92 хүн амь эрсэдсэн тухай CBS телевиз мэдээлжээ. Орон даяар хүйтний эрч чанга хэвээр байна.


Теннесси муж улсын Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, цаг агаартай холбоотой шалтгаанаар 25 хүн амиа алдсан бол Орегон муж улсад 16 хүн нас барсан бөгөөд автомашин дээр нь мод унасны улмаас насанд хүрсэн гурван хүн амь эрсэджээ. Уг машинд явсан хүүхэд амьд үлдсэн тухай CBS өмнө нь мэдээлсэн юм.


Түүнчлэн Иллинойс, Пенсильвани, Миссисипи, Вашингтон, Кентакки, Висконсин, Нью-Йорк, Нью-Жерси болон бусад муж улсуудад хүний амь үрэгдсэн тохиолдлууд бүртгэгджээ. Зарим хүний нас барсан шалтгаан цаг агаартай холбоотой эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


Зарим муж улсад замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг жолооч нарт анхааруулж байна. Мөн хүйтэн цаг агаарт аюул эрсдэлээс сэргийлэхийн тулд гадуур явах шаардлагатай бол зузаан хувцас өмсөх, халаагуур гэх мэт төхөөрөмжийг ажиллуулахдаа болгоомжтой байх, осгохоос сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Орегон муж улсад цасан шуурга шуурч, 45 мянга гаруй хэрэглэгчийн гэрэл цахилгааны хангамж тасалдсан тул онц байдал зарласан хэвээр байна. Пенсильвани, Калифорни, Нью-Мексико, Индиана зэрэг муж улсуудад мөн цахилгаан тасарчээ. Цастай, зам мөстсөн нөхцөл байдал энэ долоо хоногийн эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.

Related news