Унгарын парламент Шведийн хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-06 10:13:21

БУДАПЕШТ, 2024 оны хоёрдугаар сарын 6 /RT/. Унгарын парламентын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг соёрхон батлах санал хураалт хойшиллоо. 


Уг асуудлыг хэлэлцэх парламентын ээлжит бус хурлыг сөрөг хүчний намуудын санаачилгаар өчигдөр товлосон боловч эрх баригч намууд, тодруулбал, Фидес-Христийн ардчилсан ардын намын хууль тогтоогчид эсэргүүцлээ илэрхийлэн оролцоогүй байна. Хуралд зөвхөн Фидесийн хоёр гишүүн болох парламентын дэд дарга Сандор Лежак, нарийн бичгийн дарга Гьезо Виннай нар оролцсон бөгөөд улмаар ирц бүрдээгүйн улмаас хурлыг хүчингүйд тооцжээ.


“Фидес-Христийн ардчилсан ардын нам” эвсэл парламентын 199 суудлын 133-ыг нь эзэлдэг. Өчигдрийн хуралдаанд 51 гишүүн оролцсон байна.


Будапештэд суугаа АНУ-ын Элчин сайд Дэвид Прессман хэлэхдээ, Унгар улс НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг соёрхон батлах үйл явцыг хойшлуулсанд АНУ-ын удирдлага сэтгэл дундуур байна гэж мэдэгджээ. 

Related news