П.Субианто Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-21 09:18:56

ЖАКАРТА, 2024 оны гуравдугаар сарын 21 /Reuters/. Индонез улсад өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Батлан хамгаалахын сайд Прабово Субианто ялсныг тус улсын Сонгуулийн хороо албан ёсоор мэдэгдлээ. Хоёрдугаар сарын 14-нд болсон сонгуулийн дүнг саналын хуудсуудыг сар гаруйн хугацаанд тоолж дууссаны дараа лхагва гарагт танилцуулжээ.


Сонгуулийн эцсийн дүнг танилцуулахад, П.Субианто 96.21 сая санал буюу санал хураалтад оролцогчдын 58.6 хувийн саналыг авч ялжээ. Харин Жакарта мужийн захирагч асан Аниес Басведан 24.9 хувь, Төв Ява мужийн захирагч асан Ганжар Праново 16.5 хувийн санал тус тус авсан байна.


Генерал асан П.Субианто 2008 онд өөрийн намыг байгуулж, 2014, 2019 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн боловч одоогийн ерөнхийлөгч Жоко Видодод ялагдаж байжээ. Гэсэн хэдий ч өдгөө 72 настай тэрбээр албан тушаалаасаа буух гэж буй ерөнхийлөгчтэй хэлхээ холбоогоо бэхжүүлсээр иржээ. Ж.Видодо эрх мэдлээ бататгахын тулд түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилж байв.


П.Субианто хариуд нь Ж.Видодогийн том хүү Гибран Ракабуминг Ракаг өөртэй нь хамт дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнээр сонгожээ. Ж.Видодогийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ шинэ ерөнхийлөгч амласан бөгөөд үүнд улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэх зэрэг асуудал багтаж байгаа юм.


Харин түүний хоёр өрсөлдөгчийн зүгээс сонгуулийн кампанит ажил болон санал хураалтын аль алинд нь зөрчил гарсан гэдгийг мэдэгджээ. Тэднийг дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэн Жакартагийн гудамжуудад жагссаар байна.

Related news