ДУНДГОВЬ: Сүүний савыг дахин ашиглаж, хаягдалгүй болох боломжийг хүүхдүүд таниулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-27 11:09:23
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БШУГ-аас “Вита милк дистрибюшн” ХХК-тай хамтран ерөнхий боловсролын 19 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хаягдалгүй сургууль” уралдаан зарлан дүнгээ гаргажээ.


2023 оны хичээлийн шинэ жилээс эхлэн тус аймгийн 15 сумын 18 сургуульд “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлж, бага ангийн 4500 орчим хүүхдэд долоо хоногийн 3 өдөрт 120 грамм сүү өгдөг болсон.


Сүүний савыг дахин боловсруулж ашиглах боломжгүй тул энэ нь овор ихтэй, их хэмжээний хог болдог. Тиймээс сүүний савыг ашиглан инновац шингэсэн бүтээл хийх уралдааныг зарласан байна.


Сүүний савыг ашиглан сурагчид энгийн хогийн сав, удирдлагаар явдаг хогийн сав, үзэгний сав, гутлын улавч, гутлын алчуур хийх сав, огторгуйн дүрс, гар утас хийх сав, сурагчдын дэвтрийг хадгалах сав, гар утас хадгалах сагс, ширээний хуанли, сандал, лууны дүрс бүхий баг, Монгол Улсын газрын зураг, данхны тавиур, монгол гэр, ахуй гээд төрөл бүрийн бүтээл хийж оролцжээ.


Уралдааны 6-7 дугаар ангийн төрөлд Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн ирүүлсэн бүтээл шалгарч, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 6в, 6б ангийн сурагчдын бүтээл удаах байруудад шалгарчээ. Тусгай байрын болзлыг Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5б анги, Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн 6а анги, Мандал сургуулийн 6в анги, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 7а ангийн сурагчдын ирүүлсэн бүтээл хангасан байна.   


8-9 дугаар ангийн төрөлд Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 8а ангийн сурагчдын “Мөнгөн луу” бүтээл нэгдүгээр байрт шалгарч, Өлзийт сумын сургуулийн 8а анги, Дэлгэрхангай сумын сургуулийн “Эко клуб” удаах байруудыг эзэлсэн бол тусгай байрт Хүмүүнлэг сургуулийн 9а анги, Мандал сургуулийн 9б ангийн сурагчдын бүтээл шалгарчээ.


Харин 10-11 дүгээр ангийн төрөлд Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 11а ангийн сурагчид “Монгол гэр ахуй” бүтээлээр оролцон түрүүлж, Мандал сургуулийн 10б анги, Дэлгэрхангай сумын сургуулийн 11а ангийн сурагчдын бүтээл удаах байруудыг эзэлсэн байна.


Уралдааны үр дүнд сурагчид хогоо ангилж хаях, хичээлийн цагаар гар утсаа сагсанд хийж ашигладаггүй байх, үзэг, дэвтрээ эмх цэгцтэй байлгах зэрэг хандлагыг төлөвшүүлж чаджээ. 









Related news