Манай оронд 2063 онд нар бүтэн хиртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-28 11:20:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол оронд буюу Өмнөговь аймгийн нутагт 2063 оны наймдугаар сарын 24-нд нарны бүтэн хиртэлт ажиглагдана.


Нарны хиртэлт нь тухайн нутаг дэвсгэрт ховор тохиолддог байгалийн сонирхолтой үзэгдлийн нэг. Сүүлийн жилүүдэд нарны бүтэн хиртэлт манай оронд хэд хэдэн удаа болжээ. Тодруулбал, 1997 оны гуравдугаар сарын 9-нд нутгийн хойт хэсгээр, 2006 оны гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл нуур орчимд, 2008 оны наймдугаар сарын нэгэнд Баян-Өлгий, Ховд аймгийн баруун хэсгээр нарны бүтэн хиртэлт тохиосон юм. Манай оронд ажиглагдах нарны дараагийн бүтэн хиртэлт 2063 оны наймдугаар сарын 24-нд Өмнөговь аймгийн нутгаар дайрч өнгөрөх юм. Мэдээж энэ хооронд манай оронд хагас хиртэлтүүд олон ажиглагдах ажээ.  



Сарны хавтгай нарыг халхалж, конус хэлбэрийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтлолцсоноос нарны хиртэлт үүсдэг. Өөрөөр хэлбэл нар, сар, дэлхий гурав дурдсан дарааллаар нэг шугам дээр байрлахад одон орны энэхүү сонирхолтой үзэгдэл тохиодог байна. Дөрөвдүгээр сарын найманд тохиох нарны хиртэлтийн гол зурвас Мексик, Канад, Америкийг дайран өнгөрөх бөгөөд бүтэн фазын хамгийн их үргэлжлэх хугацаа 4 минут 28 секунд. Улаанбаатарын цагаар 23.42.07 цагт эхлээд дараа өдрийн 4.52.13 цагт дуусах аж. Нар хиртэлтийн хэсэгчилсэн үе шатууд Хойд Америк, Баруун Европ, Төв Америкийн зарим хэсэгт ажиглагдахыг Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ. 

 

Related news