Гадаадад ажиллаж амьдарч буй 2590 монгол хүн нийгмийн даатгалд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-29 16:17:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүн мэдээгээр 2023 онд хилийн чанадад 2590 монгол хүн нийгмийн даатгалд хамрагджээ. Шимтгэлийн хэмжээ 2.8 тэрбум төгрөг болсон байна.

Тэгвэл 2022 онд гадаадад 2339 монгол иргэд даатгуулж, шимтгэлийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг байв.


Манай улсын иргэд Австрали, Их Британи, АНУ, Герман, ОХУ, БНСУ, Франц болон БНХАУ-д, гадаадын бусад улс оронд оршин суугаа иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байна.


2022 оны байдлаар хилийн чанадад 198 мянга орчим монгол иргэд амьдарч байна. Манай улс Монгол, Казахсmаны хооронд тэтгэврийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг шинжээчдийн түвшинд эцэслээд байна. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг шинжээчдийн түвшинд эцэслэжээ.


Монгол, Чех улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр болон үйлчилж эхлээд байна. Япон, БНСУ, Швед, Канад улсуудтай байгуулах Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг талуудад хүргүүлээд буйг ХНХЯ-наас мэдээллээ. 

Related news