Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг төгссөн 129 иргэн ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-03 13:56:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогоор 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орлоо.


Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмж, ажлын орчин нөхцөлийг сайжруулахаар В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг тус сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Автобусны жолоочийн цалин 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая болгон нэмээд байгаа.


Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж, “Сургалтаар мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцас өмсөх, тамхи татахгүй, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа. Мөн D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манайд хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна. Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж, засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэдэг. Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ он дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдийг бүрэн хамруулах аж.



 

Related news