Үндэсний баялгийн санг оновчтой зохицуулалтаар удирдахгүй бол үр дүн гарахгүй болохыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-04 16:12:56

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг эхлүүлэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл санаачлагчийн илтгэлдээ, Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн болон Сингапурын хуримтлалын сангийн жишгээр ажиллана. Тус сан хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Ирээдүйн өв сангийн хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын болон бүс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх 65 хувиас бүрдэх бол Хуримтлалын сангийн хөрөнгө нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувийн ашгаас, харин Хөгжлийн сангийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн төсөвт тооцсоноос гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн илүү гарсан хэсгээс бүрдэх төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.


Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өсгөн арвижуулахаар, Хуримтлалын санг стратегийн ордуудын ашгаас Монгол банкан дахь иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлж, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулахаар тусгасан бол Хөгжлийн сангаас томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байхаар заажээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компани байх, хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв.


Нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо чуулганы өнөөдрийн хуралдааны өмнө хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль тогтоолын төслүүдийг дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ерөнхий сайдын илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Ж.Сүхбаатар асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эдийн засгийн тэгш бус байдлыг засаж залруулахын тулд улс төр, эдийн засгийн томоохон реформ хийхэд энэ хуулийн зорилт ихээхэн чухал хэмээсэн. Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангуудын хөрөнгийн хуваарилалт, түүнд тавигдах шаардлага, түүнчлэн төсвийн зөв бодлого баримтлахгүй бол үр дүн гарахгүй гэдгийг олон улсын жишээ баримт дурдан анхааруулсан юм. 

Related news