УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-23 17:14:56

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурав.


Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нь УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Жогорку Кенешийн дарга Н.Шакиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар маргааш Чингис хаан музейд болох Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд  Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм.


УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн билээ. Хоёр улс 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай.

Related news