ӨВӨРХАНГАЙ: Утас ээрч, дээс томох нь хүний хоёр тархийг жигд хөгжүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-21 18:07:11

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Малын үс ноос, ноолуур, хөөвөр, хялгас нь нүүдэлчин монголчууд бидний өдөр тутмын ахуй амьдралын гол хэрэглээ болж ирсэн уламжлалтай. Эцэг өвгөд маань таван хошуу малынхаа арьс шир, үс ноосыг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, хэрэгцээндээ ашигладаг байсан нь өнөөгийн дэлхий нийтэд өвөрмөц өв соёл болон түгж байна.


Тэмээний ноос, зогдор, адууны дэл, сүүлний хялгас, сарлагийн саваг, хөөвөр, хонины ноос унгас, ямааны ноолуураар гэрийн эсгий туурга, хувцас, эд хэрэглэл гээд бүх төрлийн зүйлийг гар аргаар хийж ирсэн түүхтэй ард түмэн.


Тухайлбал, тэмээний ноосыг жигд цуваад, хоёр алгаараа хавсарч, эрчилнэ. Үүнийг томоохон гэж нэрлэнэ. Томсон дээсээрээ тэмээний бурантаг, үхэр тэмээний ногт, гэрийн хошлон, өрхний оосор, тоононы чагтага, эргүүлэг, унины сагалдарга, баганын уяа, дээвэр туурганы зээг, бүч, ширдэгний зээг, аргийн оосор, монгол гэрийн бүслүүр, малын зэл, ачааны баглаа зэрэг олон төрлийн эд зүйлийг урладаг байв.


Баруунбаян-Улаан сумын 1-р багийн өвлөн уламжлагч Т.Наран


Дээс томох нь нарийн арга, ажиллагаатай аж. Ноосоо савж цэвэрлэн сэвсийлгээд дараа нь үсний ширхгийнх нь дагуу нарийхан сувьж, гартаа ороон бөөрөнхийлөөд 150-200 грамм жинтэй түүдэг бэлтгэнэ. Ингээд түүдгийн хоёр үзүүрийг нийлүүлэн битүү гогцоо гаргаж, гарын алгандаа хавсран нар зөв эргүүлж эрчилнэ.


Дээсийг хийцээр нь хоймсон, гурамсан, хавтгай, бөөрөнхий, дөрвөлжин гэж ангилах ба гурамсан буюу гурван эрчтэй дээс нь суналт багатай, чанартай болдог. Дээсээ томж дуусаад хоёр үзүүрийг нь өнгийн даавуугаар бүрж, тэмээний ээрмэл утсаар ширнэ. Дээсийг ахуйн хэрэглээнээс гадна гоёл чимэглэл, уран үйлэнд зориулан өнгө алаглуулан томох нь бий. Ийм дээсээр гэрийн унь, тоононы чагтага, уяа, өрхний оосор хийхэд үзэмжтэй харагдана.


Дээс томж хийсэн эдлэл маш бат бөх чанартай, удаан эдэлгээтэй болохоос гадна унгас ноосыг хог болгож, байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэн эцэг өвгөдийн мэргэн ухаан юм. Түүнчлэн утас ээрэх, дээс томох нь хүний хос тархийг жигд хөгжүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг сайн талтай хэмээн настай хүмүүс хэлдэг.


Хужирт сумын өвлөн уламжлагч Ц.Ариунаа


Эсгий туургатан монголчуудын үе улиран нүүдэллэн амьдрахдаа улам хөгжүүлж, үр хойчдоо өвлүүлж ирсэн энэ уламжлалт соёл жилээс жилд мартагдаж, алдагдаж байгаад халаглах хүн цөөнгүй байдаг. Дээс эрчилж ширсэн гэрийн хошлон цагийн явцад улам чангарч, гэрийн тогтвортой, дулаан байдлыг хангадаг бол урд хөршөөс авчирсан бэлэн даавуун олс чангардаггүй улмаар гэрийн хэвийг алдуулж, үзэмжгүй, тогтворгүй болгодог байна.

Иймд монгол орны аялал жуулчлалын брэнд болсон нүүдэлчин ахуй амьдрал, соёл иргэншлээ авч үлдэхийн нэг илрэл нь малынхаа ноосоор утсаа ээрэн дээсээ томж, түүгээр эд эдлэлээ хийн хэрэглээндээ ашиглах явдал юм.

 

 

Related news