"Бүтээлч заах аргын нэгдэл" - ээр 3 дахь жилдээ тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-07 09:51:55

Булган аймгийн 1-р 12 жилийн бүрэн дунд сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон "Бүтээлч заах аргын нэгдэл"-ээр шалгарлаа. Багш нарын баярын хурлын үеэрээ тэд аймгийн Засаг дарга болон удирдах албаны хүмүүсээс шагналаа гардан авлаа.

Энэ хамт олон нь "Бүтээлч заах аргын нэгдэл" - ээр 3 дахь жилдээ шалгарч байгаа юм байна. Нийт 3 сая төгрөгийн лед дэлгэц бүхий 3 ширхэг телевизор, 6 ширхэг өнгөт принтерээр шагнууллаа.

Мөн баярын хурлын үеэр аймгийн ЗД-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэлээ. "Ард иргэдээ орон нутагтаа элбэг хангалуун, аз жаргалтай, эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, урам зоригтой ажиллаж, амьдрах нөхцөл бүрдсэн аймаг болгон хөгжүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж “Хүний төлөө эдийн засаг”-ийг цогцлоож, “Хөгжлийн төлөө зөв бодлого”  барьж ажиллахад оршино" гэсэн зорилго дор хэрэгжих тус хөтөлбөрийг цаашид батлагдсан хуваарийн дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хэлтэс агентлагуудад  танилцуулна. Мөн энэ үеэр жил бүр шалгаруулдаг уламжлалын дагуу 2015-2016 оны хичээлийн жилийн шилдгүүдээ шалгаруулж, номинацын эздийг тодрууллаа.

Шилдэг түншлэгч байгууллагаар ДЗОУБ- Булган ОНХХ, Үйлчилгээний шилдэг ажилтнаар  Хишиг-Өндөр сумын сургуулийн тогооч Б.Лхагважав, Боловсролд ээлтэй Засаг даргааар  Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам, Шилдэг удирдах ажилтнаар  Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяа, Шилдэг багшаар Хишиг-Өндөр сумын багш А.Оюумаа,  Шилдэг бага ангийн багшаар  Булган сумын 1-р сургуулийн багш Г.Жаргал, Шилдэг сургуулиар  Хутаг-Өндөр сумын 12 жилийн ЕБСургууль, Шилдэг цэцэрлэгээр  Хутаг-Өндөр сумын “Гацуурхан” цэцэрлэг тус тус шалгарлаа.

                                                          П.Батням

Related news