ТӨВ: Аймгийн хэмжээнд 29 ээж "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн, 296 ээж хоёрдугаар зэргийн одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-30 10:26:51

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төв аймгийн 325 ээжид "Алдарт эх" І, ІІ зэргийн одонг Монгол туургатан театрт гардууллаа. Үүнээс 29 ээж "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн, 296 ээж хоёрдугаар зэргийн одон авсан юм.

 

Ээжүүдээс хамгийн залуу нь 26 настай бол хамгийн ахмад нь 50 настай ээж байв.









Сумдаар нь авч үзвэл, Алтанбулаг 9, Аргалант 6, Архуст 6, Батсүмбэр 27, Баян 3, Баян-Өнжүүл 5, Баяндэлгэр 4, Баянжаргалан 5, Баянхангай 1, Баянцагаан 6, Баянцогт 10, Баянчандмань 15, Борнуур 16, Бүрэн 9, Дэлгэрхаан 8, Жаргалант 33, Заамар 20, Зуунмод 66, Лүн 7, Мөнгөнморьт 5, Өндөрширээт 7, Сүмбэр 5, Сэргэлэн 9, Угтаалцайдам 13, Цээл 9, Эрдэнэ 14, Эрдэнэсантад 9 ээж одонгоо гардан авах юм.


 Ташрамд, 1957 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэлснээс хойш уг хүндэтгэлийн үйл ажиллагааг 67 дахь жилдээ ёслол төгөлдөр зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд нийт 9990 ээж “Алдарт эх” одон хүртсэн байна.


Цээл сумын иргэн Б.Эрдэнэтуяа, “Үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа ээжүүдийг хүндэтгэж одон гардуулна гэдэг сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал. Хүүхэд төрүүлж, төлөв төвшин сайн хүн болгон хүмүүжүүлэхэд сайн хань, сайхан аав, ээжийн түшиг дэм асар их. Нийт одон авч байгаа ээжүүддээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе” гэв.

 

Зуунмод сумын иргэн Д.Тэгшжаргал, “Өнөөдөр үнэхээр мартагдахааргүй сайхан өдөр болж өнгөрч байна. Өсвөр насны хоёр хүүхэд, бага насны хоёр хүүхэдтэй. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг нь байх гэж хичээдэг. Маш их ярилцаж, ойлголцож, хүүхдээ дэмждэг. Монголын бүх сайхан ээжүүддээ аз жаргалын дээдийг хүсье. Ээж хэмээх эрхэм алдрыг хүртэх шиг сайхан зүйл энэ хорвоод үгүй билээ” гэв.




Related news