Булганы иргэд Засгийн газарт итгэж бас шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-07 19:11:55

Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Булган аймагт ажиллалаа. Түүнтэй хамт Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-д Булган аймгаас сонгогдсон гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар болон бусад албаныхан ирлээ.

Аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэд төрийн албан хаагчдыг хүлээн авч тэдэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ өмнөх 4 жилийн хугацаанд улс орны эдийн засгийн байдал хэрхэн доройтолд хүрээд байгааг онцлон ярилаа. Энэ байдлаас гарахад ерөнхий сайд өөрийн сонгогдсон хугацаанаас хойш 12- 18 сарын хугацаа хангалттай, энэ хугацаанд улс орны эдийн засгийг хэвийн байдалд оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ. Мөн энэ үеэр иргэдээс төрийн албыг үнэгүйдүүлж халаа сэлгээ их хийж байна, хүнд суртал хаа сайгүй байна, хүүхдийн мөнгийг ялгаварлан гадуурхалгүй өг, аймгийн дулааны станц хэзээ ашиглалтанд орох, Хөдөлмөрийн хэлтсийн өчнөөн ажилтан ажлаас халагдлаа энэ тал дээр ямар ч бодлогогүй алхам хийж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байхад зарим иргэд МАН бол хэзээд туршлагатай, эдийн засгийг тогтворжуулна гэдэгт итгэлтэй байна хэмээн итгэл хүлээлгэж байгаа иргэд ч байлаа.

Аль ч нам нь адилхан, дарга сайдууд ирж том том амлалт өгөөд явцгаадаг гэж бухимдан хэгжүүрхэх иргэд мөн мэр сэр байлаа. Ерөнхий сайд огцор, Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо, Ардын хүүхдийг алагчлахаа зогсоо, Орон нутгийн хөгжлийн санг хэвээр үлдээхийг шаардаж байна гэх мэтчилэн шаардах лоозон барьсан иргэд бяцхан бослого гарган эсэргүүцлээ илэрхийлээд амжлаа.

                                                                                                                                                                                            П.Батням

Related news