Я.Эрхэмбаяр: "Хөвсгөл органик” хөтөлбөр хэрэгжсэнээр борлуулалт 2 дахин өснө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-17 15:29:33

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 27-р хуралдаанаар “Хөвсгөл органик” хөтөлбөрийг баталлаа.




Хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавьсан байна. 


Энэ тухай Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяраас тодрууллаа.

-“Хөвсгөл органик” хөтөлбөрийн гол зорилгоос хуваалцана уу?

-“Хөвсгөл органик” хөтөлбөр нь экологийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалж, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай баталгаажсан, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх органик үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амыг эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилготой. 

Өөрөөр хэлбэл гарал үүсэл нь тодорхой эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм. Хөвсгөл аймгийн хувьд агаар, ургамал, өвс тэжээл, маллах арга ажиллагаа нь малын гаралтай бүтээгдэхүүнүүд органик гэдгийг судлаачид баталсан.

Экспортод органик бүтээгдэхүүн гаргахын тулд заавал баталгаажуулах шаардлагатай болдог.


Энэ үүднээс “Хөвсгөл органик” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын баг гарч 2 жил судалж байж хөтөлбөрийг боловсруулан баталлаа.


-Хөвсгөл аймгийн үйлдвэрлэгчид жилд хэчнээн төгрөгийн орлого олдог вэ?

-Манай аймаг өнгөрсөн онд 6,2 сая толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн, сүүлийн нэг жилд малчин өрхийн тоо 300-гаар нэмэгдэн 19 мянгад хүрсэн, нийт 33 мянга гаруй малчин зургаан хошуу мал маллан амьдарч байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голлосон, уул уурхайн үйлдвэргүй аймаг юм.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд 17,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 13,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оноос бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 3,5 хувиар, борлуулалт 2 хувиар өссөн байна.

Хөвсгөл органик хөтөлбөр хэрэгжсэнээр бүтээгдэхүүний борлуулалт 2 дахин өснө гэж үзэж байна.  


-Хөвсгөл аймагт “Органик” гэж баталгаажсан хэчнээн бүтээгдэхүүн байна вэ?

-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын эко бүс нутаг учраас бүтээгдэхүүн нь эрүүл чанартай байх ёстой. Бидний хэрэглэгчдэд баталгаатай хүнс нийлүүлэх хамгийн том суурь нь энэ. Одоогоор органик баталгаажуулалтыг хийх эрх авсан гурван компани бий. Өнөөдрийн байдлаар “Цагаан уул” үүлдрийн хонины органик махны баталгаажуулалтыг авсан.

Шинэ амттан компани "Сувд” жимсний бүтээгдэхүүнүүддээ баталгаажуулалт хийлгээд дотоодын зах зээлд өргөнөөр худалдаж байна.

"Жинст Мөрөн" компани ноолууран бүтээгдэхүүн дээр органик баталгаажуулалтыг хийгээд байна.






Мөшгөн мөрдөх тогтолцоогоор QR код уншуулж Батынхаас гарсан ноолуураар сүлжсэн органик бүтээгдэхүүн мөн байна гэдгийг баталгаажуулж байгаа гэж ойлгож болно.

Рэнчинлхүмбэ сумын “Дархад”, “Шишгэд” цайнд хамтын баталгаажуулалт хийгээд хөндлөнгийн баталгаажуулалт буюу мэргэжлийн байгууллагаар органик болохоо батлуулсан.

Эрдэнэбулган, Рашаант суманд баталгаажуулалтын баг ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 3 үйлдвэр, 10 гаруй иргэд  "Органик" гэсэн баталгаажуулалтыг аваад байна. 

Цаашид Хөвсгөл нутгийн олон найдвартай органик бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээр хамтдаа зорьж олон үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.


-Малчдын хувьд  малдаа эм тариа хийх тохиолдол байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Хүнсний үйлдвэр, худалдааны салбарын бүтээгдэхүүн органик байхын тулд анхан шатнаасаа буюу түүхий эдээсээ эхлээд химийн найрлагагүй байгалийн гаралтай байх хэрэгцээ үүсэж байна. 

Үүнийг малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид бүгд мэддэг байх нь чухал. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн органик гэсэн шошготой худалдаанд нэвтрэх боломжтой.

Иймээс уламжлалт мал аж ахуйн өв соёлыг хадгалан, баталгаажсан үүлдэр, омгийн малаас экспортын зориулалттай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх шаардлагыг хангасан иргэд, аж ахуй эрхлэгчдийг бэлтгэж органик түүхий эдийн чанарыг гэрчилгээжүүлж, баталгаажуулна.

Мөн мал сүргийг ээмэгжүүлэх, бүртгэлд хамруулах, хүнсний зориулалттай органик түхий эд бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоог бүрдүүлнэ. Ингэснээр тухайн малчны мал хаана бэлчээрт явдаг, тарилга хийлгэсэн эсэх гээд бүх зүйл тодорхой болно.


-“Хөвсгөл органик” хөтөлбөр хэрэгжсэнээр гарах үр дүн?

-“Хөвсгөл органик” хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж органик түүхий эд, бүтээгдэхүүнийг олон улсын жишигт нийцүүлнэ.  

Цаашид хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэн замаар аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд эзлэх органик бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.  

Хөдөө аж ахуйн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож, иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэн, эдийн засгийг тэлнэ. Энэ нь аялал жуулчлалын тулгуур бүс болох Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой үр дүн гарна гэж үзэж байна.

 

Related news