ГОВЬ-АЛТАЙ: Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан бичил уурхай эрхлэгчидтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-30 14:02:43

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар Говь-Алтай аймгийн бичил уурхай эрхлэгчидтэй уулзлаа. 




Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Ц.Туваан нар шинээр бүрдсэн УИХ, Засгийн газрын талаар мэдээлэл өгсөн юм. 

Уулзалтын зорилго нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцогч талуудын санал бодлыг сонсох, тулгарч буй бэрхшээл, гарц шийдлийн талаар санал солилцох, бичил уурхай эрхлэгчдийн ажиллах орчин нөхцөлийг ээлтэй болгох үйл ажиллагаагаа саадгүй явуулахад анхаарч холбогдох хууль журмын хүрээнд хамтран ажиллах юм гэдгийг Ц.Туваан сайд онцлон хэлж байлаа. 



Говь-Алтай аймагт  бичил уурхай эрхэлдэг 1000 гаруй иргэн байгаа бөгөөд тэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн төрийн бус байгууллага, нөхөрлөлд харьяалагдан ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэд уулзалтын үеэр: 

-“Бичил уурхайтай холбоотой хууль журмын зүйл заалт, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, ямар арга хэмжээ авч болох, бичил уурхай эрхлэхэд хуулийн дагуу ээлтэй орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Бидний саналыг сонсож эргэх холбоотой ажиллаж байгаад талархаж байна” гэдгээ хэлж байлаа.

Related news