Гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг багасгах сорилт тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-21 15:40:59

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан УИХ дахь Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзан, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооноос өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав.


Манай улсад сүүлийн 80 жилд агаарын температур 2.4 хэм нэмэгдэн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, нэг хүнд ногдох хүлэмжийн хийх ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин, мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгджээ. Үүнтэй холбоотой өнгөрсөн өвлийн зуд гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдсон нь нийгэм, эдийн засагт их хэмжээний хохирол учрууллаа. Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг багасгах сорилт тулгараад байна.


Гишүүд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, амьдрах шийдлийг оновчтой гаргах нь чухлыг илэрхийллээ.


Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ-ын тогтоол, шийдвэрээ гаргаж, холбогдох яамдад хүргэх, энэ чиглэлийн судалгаа шинжилгээг эхлүүлэх шаардлагатайг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцолсныг ОБЕГ мэдээлжээ. 

Related news