ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг дарга Европын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-27 17:57:46

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр Европын холбооны Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээрийн гүйцэтгэх захирал Пьер Роберто Ремитти нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт болон Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Найрамдал төслийн хүрээнд хийсэн ажлууд, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцан, харилцан санал солилцлоо.


Хот, сум, суурин газруудын уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, нийгэм эдийн засгийн тэгш бус байдлын эрсдэлийг багасгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт олон ажил хийсэн талаар аймгийн засаг дарга онцоллоо.


Тухайлбал:

Үерийн хамгаалалтын далан, сувгуудыг шинэчлэн засварлаж, хүчитгэсний үр дүнд сүүлийн хоёр жил Дархан-Уул аймаг үер, усны эрсдэлээс хамгаалсан. Улсдаа анх удаа цахилгаан эх үүсвэртэй эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Хөрс, агаарын бохирдлыг үүсгэж буй эх үүсвэрүүдийн томоохонд тооцогдох гэр хорооллын бүсийг тэлэхгүй байх бодлогыг сүүлийн 10 жил амжилттай хэрэгжүүлсэн нь улсдаа жишиг болсон.


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жилд нэгээс доошгүй уурын зуухны яндан буулгах ажлыг эхлүүлж өнгөрсөн жил нэг яндан буулгасан. Энэ жил мөн хоёр уурын зуухыг буулгахаар төлөвлөн ажиллаж байна гэв.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад аймаг, орон нутгийнхаа түвшинд энэ мэт бодит ажлуудыг хэрэгжүүлж байгааг тодотголоо.


Үүнийг хэрэгжүүлэхэд Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв.


Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотын дарга нарын хэлэлцээр нь дэлхийн бүс нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсаас Улаанбаатар, Дархан хот нэгдэн оролцож байна. Цаашид олон аймаг хотыг байгууллагадаа нэгтгэн, идэвхтэй оролцуулах хэрэгтэй гэж ноён Пьер Роберто Ремитти онцлохын зэрэгцээ Дархан хот бусад хотоос сайн туршлага судлахаас гадна дэлхийн хотууд ч Дархан хотоос суралцах, судлах олон зүйл байгаад талархалтай байна гэв.


Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Б.Азжаргал маргааш Дархан хотод болох тэргүүн туршлага солилцох олон улсын форум, туршлага судлах айлчлалд амжилт хүсэж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотыг бий болгоход олон боломжийг олгож буй Найрамдал төсөлд талархсанаа илэрхийлэв.


Хэрэгжүүлж буй ажлууд улам илүү үр дүнд хүрч, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах олон шинэ санаачилгууд маргаашийн форумаас гарна гэдэгт итгэлтэй байна гэв.





 

Related news