“Өсвөрийн парламент-2024″ хөтөлбөрт 126 сурагч шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-11-30 22:06:19

Улаанбаатар, 2024 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн нээлт өнөөдөр боллоо.


“Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна. Хүүхдүүдийн хийсэн видео зохиомжуудаас түүвэрлэн, хөтөлбөрийн нээлтийн үеэр үзүүлж сонирхуулав.


Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчийн 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна. Тэднийг төлөөлөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч М.Мөнгөнцэцэг, нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Ж.Хантамир нар сэтгэгдлээ хэллээ. Сурагчид өөр өөрсдийн сургуулийн орчны эхүүл ахуй, аюулгүй байдалтай холботой тулгамдсан асуудлыг ярьж, “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт оролцох сэдэл, зорилгоо үе тэнгийнхэнтэйгээ хуваалцав.


Хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа анх 2021 онд хөтөлбөрийг эхлүүлж байхад хүүхдүүдийг улс төрд татан оролцуулах гэлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан бол эндээс хүүхдүүд тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлт, хувь хүний хөгжил, зөв амьдрах зэрэг өөртөө болон нийгэмд хэрэгтэй маш их мэдлэг, мэдээллийг авч, амьдарч буй нутаг, орондоо бусдыг манлайлж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг идэвхтэй хүмүүс болж буйг хараад олон нийтийн хандлага өөр болсныг онцлон дурдав.

Өнгөрсөн гурван жилд хөтөлбөрт хамрагдсан 330 хүүхэд бүгдээрээ өөр хоорондоо найз болж, нөхөрлөсөөр байгаагийн зэрэгцээ улсын хэмжээний бүхий л сургууль, хүүхэд баачуудыг УИХ-тай холбох гүүр болж буйг талархан тэмдэглэв. Тэрбээр өмнөх жилүүдийн өсвөрийн парламентчид ямар ямар сэдвийг судалж, шийдвэрлэсэн, тэдгээр нь хууль тогтоомж, бодлого шийдвэрт хэрхэн туссан талаар танилцуулж, энэ удаагийн хөтөлбөрт оролцогчдыг оролцуулбал манай улс нийт 500 шахам гишүүн бүхий өсвөрийн парламентын том сүлжээ бий болж, улам үр дүнтэй, нөлөөлөлтэй ажиллах боломж бүрдэнэ гэв.


Мөн НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан “Өсвөрийн парламент-2024″-ийн оролцогчдод амжилт хүсч үг хэлэв. Тэрбээр, хүүхдийн эрхийн тухай товч дурдаж, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах болон оролцооны эрхүүд бүгд өөр хоорондоо уялдаатай, харилцан нөхцөлдөж байдгийг тайлбарлан ярьсан юм. НҮБХС-гаас хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуйн талаар манай улсын төр, засагтай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдан, 6-17 насныхны дунд хүний стрептококын халдварын эрт илрүүлэг явуулж, илэрсэн тохиолдолд эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, сахуу, татрангийн болон 11 настай хүүхдэд хийх хүний папиллома вирусийн вакцинжуулалтыг дэмжих, сурагчдад эрүүл хооллолтыг сурталчлах аян, 6-18 насны сурагчийн эрүүл мэндийн дэвтрийг нэвтрүүлэх зэрэг ажлыг товч танилцуулав. Мөн тус сангийн дэмжлэгтэй “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг өрнүүлж, улсын хэмжээнд нийт 170 сургууль, дотуур байранд сарын тэмдгийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн суралцахуйг дэмжиж ажилладаг багш, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа суурин төлөөлөгч танилцуулгадаа дурдлаа.

“Өсвөрийн парламент-2024″ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үндсэн илтгэлийг УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь тавив. Иргэний эрх, үүрэг парламентад яагаад чухал болох тухай илтгэлдээ тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө болон үндсэн ба журамт үүргүүд, дэлхий дахинд парламент хэрхэн үүссэн, ямар замнал түүхийг туулж, хэрхэн хөгжсөн, иргэдийг төлөөлөх, хууль тогтоох, хянах үүргийг хэрэгжүүлдэг парламентад иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо ямар байх зэргийг дурдаад, Монгол Улсын Их Хурал олон нийтийн оролцооны дэвшилтэт хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байгааг танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Буянтогтох суралцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар илтгэл тавив. Тэрбээр монгол хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа өвчлөл, тэдгээрийн дотор шүдний эмгэг, сүрьеэгийн халдвар, таргалалт болон жингийн илүүдэл, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөв байдлын талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Япон Улс сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг 1957 онд, БНСУ 1967 онд тус тус баталснаар дундаж наслалт жил дараалан өссөнийг тэрбээр жишээлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг сургуулиар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэйг онцолсон юм.

Дараагийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Од” шүлгээр зохиомжилсон шинжлэх ухаан, танин мэдэхүйн эрэл хайгуулын чиг хандлагын талаарх богино хэмжээний видео шторкыг толилуулаад, өөрийн санаачлан хөгжүүлж буй олон улсын сансар судлалын “MARS-V” төслийн тухай танилцуулсан юм. Тэрбээр хүн төрөлхтөн хөгжлийн тав дахь үедээ орж, дэлхийгээс 54.6 км зайд орших Марс гарагийг “байлдан дагуулах” олон улсын хамтын ажиллагааны тухай хураангуйлан ярив. Манай улс энэхүү хамтын ажиллагаанд 17 дахь орон болж нэгдсэн бөгөөд Монголын говь нутаг Марс гарагийн экологийн онцлогтой хамгийн ойролцоо учир шинжлэх ухааны туршилт, сансар судлалын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн төв байх боломжтойг тэрбээр онцолж, агаар мандлын 37 000 метрт буюу Марсын агаар мандалтай ойролцоо хэсэгт хүргэж бөмбөлөг хөөргөн судалгаа хийж чадсан тухай болон Монголын эрдэмтэн, судлаач нар Марс гарагт ажиллах техник, тээвэрлэгчийг бүтээх олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлж буй тухай болон сансрын нисэгчдийн хэрэглэх хатаасан хүнсийг манай эрдэмтэд бэлтгээд байгааг бахархан дурдлаа.

Энэхүү хөтөлбөрийн нээлтэд сургагч багш нарыг төлөөлөн УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамир, хөтөлбөрийн өмнөх жилүүдийн нийт оролцогчдыг төлөөлж “Өсвөрийн парламент 2023”-ын шилдэг оролцогч Л.Дүүрэнбилэг үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.




Related news