Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулахдаа, “Ерөнхийлөгч хуульд заасан
бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт
өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан
хууль тогтоомжид энэ оны 11
дүгээр сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсан. УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын
22-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. УИХ-ын чуулганы энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн
нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт
баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой
холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталж, Монгол
Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн
газарт даалгасныг онцлов.
Мөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт
заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 9 дүгээр
сарын нэгний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх, УИХ жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын
15-ны өдрийн дотор батлахаар заасан. Харин УИХ-д улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн
сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын
сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон
тохиолдолд Засгийн газар төсвийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх
тусгайлсан зохицуулалт байхгүй тул хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.
Хуулийн төслийг
баталснаар жилийн төсвийн төслийг Засгийн газар дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ
гэж хууль санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төсөлд
орон нутгийн шат шатны төсвийг хэлэлцэн батлах хугацааг нарийвчлан тусгах
боломжтой эсэхийг тодруулахад,
Сангийн сайд Б.Жавхлан, хуулийн төсөлд тодорхой хугацаа заахыг олон талаас нь ярьсан. Дарааллын хувьд улсын төсөв баталсны дараа, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөв баталдаг. Гэвч хуулийн хугацаанд
төсвөө баталж чадахгүй бол яах вэ гэдэг эрсдэлийг тооцож, ондоо багтааж
цаглаврыг батлах зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээв.
УИХ-ын гишүүн
Дав.Цогтбаатар, Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой нарийвчилсан
зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах боломжтой, эсэхийг лавлахад, Төсвийн байнгын хорооны дарга
Ц.Даваасүрэн, “УИХ Монгол
Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хүчингүй болгосон тул Засгийн газар
төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлнэ. Энэ нөхцөлд төсвийн хэлэлцүүлэг дөрвөн үе шатаар явна. Харин үүнд
нэг зохицуулалт тусгах шаардлагатай. Төсвийн тухай хуулиар 5 хоногийн зайтай
хэлэлцүүлэг хийхээр хуульчилсан. Төсвийн төслийг дахин хэлэлцэхэд цаг хугацаанд
шахагдаж байгаа тул дээрх
зохицуулалтыг нэг удаагийн горимоор өөрчилж, хэлэлцэхгүй бол орон нутгийн шат
шатны төсөв хугацаандаа батлагдахгүй байх нөхцөл үүсэж болзошгүйг тайлбарлжээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгч хориг тавьсан
нөхцөлд Засгийн газарт буцаалгүй хэлэлцдэг хуулийн зохицуулалт оруулж ирэх
асуудал нээлттэй үлдэж байгаа. УИХ-ын
чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх
хэсгээр Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотой асуудлыг тодорхой
зохицуулсан гэж үздэг хүмүүс бий. Харин зарим хэсэг нь үүний эрх зүйн чадамж
сул байна гэдэг. Энэ удаагийн нэмэлт нь УИХ-аас төсвийг буцаасан тохиолдолд Засгийн газар хэрхэн дахин өргөн
мэдүүлэх вэ гэдгийг зохицуулж
байгаа. Ер нь цаашид гишүүний асууж буй зохицуулалтыг хуульд тодорхой тусгах
шаардлагатай гэж хариулав.
Үүний дараа, УИХ-ын
гишүүн Ж.Батжаргал, Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч, холбогдох
хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул дахин өргөн мэдүүлэх шаардлага
үүсэж байгаа юм. Тиймээс Төсвийн тухай хуульд ийм шинэ зохицуулалт нэмж буйг
дэмжинэ. Хуулийн төслийн
анхны хэлэлцүүлгийн үед шинэ
зохицуулалтаар өргөн барьсан төсвийн төслийг УИХ хэд хоногийн хугацаанд хэлэлцэн батлах, үргэлжлүүлэн аймаг
нийслэл гээд шат шатны төсөв батлах хугацааг цаглаварт тусгахыг олон талаас нь
ярих шаардлагатай талаар санал хэлэв.
Эцэст нь Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын
томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь буюу 78.9
хувь нь дэмжжээ. Иймд энэ
талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас
мэдээлжээ.