Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-05 10:52:55

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдэх тухай хэлэлцлээ.


Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.



Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдэх асуудлыг хэлэлцсэн.


Мөн хууль тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 93 гишүүний 81 нь буюу 87.1 хувь нь дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 


Related news