К.Амиржанов: Хоёр талын харилцаа стратегийн түншлэлд хүрсэн нь түүхэн үйл явдал

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-06 17:25:35

УЛААНБААТАР, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улсад суугаа Бүгд Найрамдах Казахстан улсын ЭСЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, улиран одож буй 2024 онд Казахстан, Монгол хоёр улсын харилцаанд гарсан бодитой ахиц дэвшлүүд, чухал үйл явдлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус ЭСЯ-ны Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн зөвлөх Кайсар Амиржанов жил бүр болдог уламжлалт хэвлэлийн хурлыг хөтлөн явуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийв.


Юуны түрүүнд, энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал бол хоёр талын хамтын ажиллагааны хүрээн дэх түүхэн чухал үйл явдал гэдгийг ноён К.Амиржанов онцоллоо.


Казахстаны Ерөнхийлөгчийн 16 жилийн дараа Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын явцад хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь талуудын эдийн засаг, соёл хүмүүнлэгийн харилцааг шинэ шатанд гаргах улс төрийн үндэс суурийг тавьсны зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох боломжийг олгож байна. Ингэснээр БНКазахстан Улс нь Төв Ази дахь Монгол Улсын анхны стратегийн түнш улс болов.


Төрийн айлчлалын үеэр Засгийн газар хоорондын болон холбогдох байгууллагууд хоорондын хэд хэдэн баримт бичигт талууд гарын үсэг зурсан билээ. Тухайлбал, Монголын “Мон-Атом” компани ба Казахстаны “Казатомпром” компани стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцсон нь хоёр орны уран олборлох салбарын өмнө шинэ боломжуудыг нээж байна.


Хоёр орны харилцаанд өөр нэгэн чухал үйл явдал болсон нь, 2024 оны 9 дүгээр сарын 12-нд Казахстаны Гадаад худалдааны танхим, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд Казахстан-Монголын Ажил хэргийн зөвлөл байгуулах тухай санамж бичигт талууд онлайнаар гарын үсэг зурсан явдал юм. Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан Ерөнхийлөгч Ж.Токаевын айлчлалын өмнөхөн буюу 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод болов.


Мөн тус зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийг хамарсан чуулга уулзалт боллоо. Энэ үеэр Ажил хэргийн зөвлөлийн журам болон мал эмнэлэг, аялал жуулчлалын дэд бүтэц, ашигт малтмалын хайгуул, эдийн засгийн чөлөөт бүсийн хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав.


Худалдаа, эдийн засгийн харилцааны тухайд, 2023 онд хоёр орны худалдааны эргэлт 133 сая ам.долларт хүрсэн нь коронавирусын халдварын өмнөх үеийнхээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Мөн 2024 оны эхний 9 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 94.8 сая ам.долларт хүрээд байна. Гэхдээ эдгээр тоо нь хоёр орны эдийн засгийн чадавх, нөөц бололцоог хоёр тал бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Тухайлбал, хоёр талын худалдаанд барааны нэр төрөл хангалтгүй байгаа, зам тээврийн сүлжээ, тээвэр-ложистикийн дэд бүтэц сул хөгжсөн, гааль, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой хязгаарлалтууд гэх мэт саад бэрхшээлүүд тулгарч байна.


Эдгээр асуудлыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийх үеэрээ чухалчлан хэлэлцсэн юм.


Түүнчлэн энэ оны намар Казахстан, Монголын хамтын ажиллагааг зохицуулах гол механизм болох худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссыг Монголын талаас Монгол Улсын  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Казахстаны талаас Хөдөө аж ахуйн сайд Айдарбек Сапаров нар даргалахаар томилогдлоо. Эл комиссын ээлжит 10 дахь хуралдааныг ирэх онд Астана хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.


Түүнчлэн энэ онд хоёр талын дижитал салбарын харилцаа  өргөжиж байгаа нь онцлох үйл явдал мөн. Тухайлбал, 4 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 2-ны хооронд БН Казахстан Улсын Дижитал хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яамны (МДИАМ) тэргүүн дэд сайд К.Толеушин, Хууль зүйн дэд сайд Б.Молдабеков, Дижитал хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам, "Казахстаны үндэсний мэдээллийн технологи" ХК, “Казахстан Гарыш сапары” Үндэсний компани, "Иргэний төлөө засгийн газар" Төрийн корпораци болон хэд хэдэн технологийн чиглэлийн компаниудын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийлээ.


Айлчлалын хүрээнд Казахстаны төрийн байгууллага, компаниуд болон мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын хувийн хэвшлийн 30 гаруй компанийн төлөөлөл оролцсон бизнесийн чуулга уулзалт болж, "Казахстаны үндэсний мэдээллийн технологи" ХК ба "Монгол Улсын Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газар"-ын төлөөлөгчид Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Хэвлэлийн хурлын үеэр ЭСЯ-ны зөвлөх К.Амиржанов Казахстан улсад энэ онд болсон онцлох үйл явдлууд, ирэх онд тохиох түүхэн тэмдэглэлт ойн баяруудын талаар мэдээлэл өгөв.   


Улс төрийн хувьд энэ онд Казахстан улс олон улсын зургаан байгууллагыг даргалж ажиллажээ. Эдгээр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), Түрэг улсуудын байгууллага (OTS), Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөл, Исламын орнуудын Хүнсний аюулгүй байдлын байгууллага (OFSA) болон Арлыг аврах олон улсын сан юм.


Тус улс 2023 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг /ШХАБ/ даргалах үүргийг хүлээн авч, 2024 онд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулжээ. Тухайлбал, 7 дугаар сарын эхээр Астана хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсноос гадна дижитал, аялал жуулчлал, эрчим хүчний форум, бизнес форум, Залуучуудын зөвлөлийн уулзалт зэрэг янз бүрийн түвшний 150 орчим арга хэмжээг зохион байгуулсан байна.


Түүнчлэн энэ оны есдүгээр сард Астана хотноо Дэлхийн нүүдэлчдийн V дугаар их наадам амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дэлхийн 89 улсын 2500 гаруй тамирчин хурд хүчээ сорьсноос Монголын 115 тамирчин өрсөлдөж, нийт 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр 3 дугаар байр эзэлжээ.


Түүнээс гадна, Казахстан улсад ирэх онд хэд хэдэн түүхэн ой тохионо. Тухайлбал, Казахстаны Ардын их хурал байгуулагдсаны болон Үндсэн хууль баталсны 30 жил, Аугаа Их ялалтын 80 жил, агуу их яруу найрагч Абай Кунанбаевын мэндэлсний 180 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд үүнтэй холбогдуулан ирэх 2025 онд Монгол Улсад суугаа Казахстан улсын ЭСЯ-наас хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

 

 

Related news