Нярайн бүтэлттэй төрөлтөөс үүдсэн эндэгдэл, хүндрэлийг бууруулах тархи өргөх эмчилгээг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Манай Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7.7 байдаг бол олон улсын дундажтай харьцуулахад тав дахин өндөр байгаа юм.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар Монгол Улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй байлгах ажлуудыг шат дараалалтай хийж эхэлжээ. Үүний нэг болох “Нярайн тархи хөргөх” эмчилгээг өнөөдрөөс “Өргөө” амаржих газарт хийж эхэлсэн байна. Эмчилгээг 72 цагийн турш хийдэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг аж.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярихдаа “Өнөөдөр бид Монгол Улсад нярайн эндэгдлийг 5.5 болгон бууруулах зорилгод хүрэх алхмаа хийлээ. Бүтэлттэй төрөлтөөс үүдсэн олон шалтгааныг бууруулах чиглэлд нярайн эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэснээр төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдэн уналт таталттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. “Тархи хөргөх” эмчилгээний аппаратыг таван ширхгийг Монголд оруулж ирэн эмчилгээг эхлүүлснээр бүтэлттэй төрсөн нярайд хойшид гарах хүндрэлийг бууруулах боломж бүрдэж байна” гэв.
Тэгвэл Нярайн тархи хөргөх эмчилгээний үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг “Манай Улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед болон нярай бага насанд зохистой тусламж үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70 хувь сэргийлж чадна. Гэвч хөгжлийн хоцрогдолтой есөн сартай хүүхдийн есөн хувь, 24 сартай хүүхдийн 12 хувь нь л шаардлагатай үйлчилгээ авчээ. Нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна. Бидний хөршүүд болон дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нярайн салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг. Учир нь эх орны ирээдүй эндээс эхтэй. Чанартай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр хүүхдийн дархлаа зөв тогтож, эд эсийг хамгаалан, эрүүл саруул өсч торних үндэс болдог” хэмээн онцоллоо.