Цэнгэг усны амьтдын дөрөвний нэг нь устах эрсдэлд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-01-15 17:10:45

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 15 /AP/. Гол мөрөн, нуур болон бусад цэнгэг усны эх үүсвэрт амьдардаг амьтдын дөрөвний нэг орчим нь устаж үгүй болох аюулд өртөөд байгааг саяхан явуулсан судалгааны дүн харууллаа.


Судалгаанд оролцсон Бразилын Сеарагийн холбооны их сургуулийн биологич Патрисиа Чарветын ярьснаар, Амазон зэрэг том голууд их устай мэт харагддаг боловч цэнгэг усны орчин нь маш эмзэг байгаа ажээ.


Гол мөрөн, нуур цөөрөм, горхи, намаг, намгархаг газар гэх мэт цэнгэг ус бүхий орчин нь манай гаргийн гадаргуугийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг боловч амьтдын төрөл зүйлийн 10 хувийнх нь амьдрах орчин болдог гэж Олон улсын байгаль хамгаалах холбооны амьтан судлаач Кэтрин Сайер хэлсэн байна.


Эрдэмтэд зөвхөн цэнгэг усны экосистемээс хамааралтай 23 500 орчим төрлийн соно, загас, хавч болон бусад амьтныг судалжээ. Ингэхэд бохирдол, далан, ус ашиглалт, хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан 24 хувь нь устах эрсдэлтэй буюу ховордсон, нэн ховордсон гэх ангилалд багтаж буйг тогтоосон байна.


Ихэнх төрөл зүйл устах эрсдэлд ороход олон хүчин зүйл нөлөөлсөн” гэж судлаачдын нэг К.Сайер  ярьж байна. Nature сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү тоо баримт нь цэнгэг усны амьтдын төрөл зүйлүүдэд учирч буй эрсдлийн талаар дэлхийн хэмжээнд дүн шинжилгээ хийсэн анхны тохиолдол юм. Өмнөх судалгаанууд нь хөхтөн амьтад, шувууд, хэвлээр явагчид зэрэг хуурай газрын амьтдад төвлөрч байжээ.


Судалгаанд оролцоогүй Дьюкийн их сургуулийн экологич Стюарт Пимм үүнийг удаан хугацааны турш хүлээж байсан асар чухал баримт” хэмээн тодорхойлсон байна. Далан барьсны улмаас Хойд Америк, Европын бараг бүх том гол ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь цэнгэг усны амьтдыг эрсдэлд оруулж байгааг тэрбээр дурджээ.


Өмнөд Америкт гэхэд, Амазон мөрний экологийн тогтолцоо нь ойн сангийн доройтол, ойн түймэр, хууль бус алт олборлолтоос үүдэн аюулд өртөж байгааг П.Чарвет онцолжээ. Түүний хэлснээр, ойг цэвэрлэх зорилгоор түймэр тавьсны улмаас үнс нурам нь голыг бохирдуулж, хууль бус алт олборлогчид мөнгөн усыг гол мөрөн рүү урсгадаг байна.


Гол мөрөн, намгархаг газар нь эргэн тойрондоо байгаа бүх зүйлийг татаж хуримтлуулдаг. Хэрэв хүчил, тос асгарах зэргээр ямар нэг зүйл тохиолдвол тэр нь бүхэл бүтэн төрөл зүйлд аюул занал учруулдаг. Эдгээр амьтанд өөр очих газар байхгүй“ гэж тэрбээр тайлбарлажээ.

 



Related news