БОУАӨЯ болон Монголын ан амьтан судлалын холбоо “Олон улсын төрийн түшээ” шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2025-01-19 15:45:44

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. АНУ-ын WSF "Зэрлэг хонь хамгаалах сан"-гаас “Аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн-2025”-г Невада мужийн Рено хотод энэ сарын 16-нд зохион байгуулжээ.

 

Энэ үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоог “Олон улсын төрийн түшээ" шагналаар шагнасан байна.

 

Шагналыг БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, Монголын ан агнуурын холбооны тэргүүн, доктор Р.Самъяа, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд гарджээ.

 

Шагнал гардуулах үеэр АНУ-ын WSF /Зэрлэг хонь хамгаалах сан/-гийн тэргүүн, "Монгол Улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа нь дэлхий дахинд жишиг болж, байгалийн нөөцөө хамгаалах, зэрлэг ан амьтдыг ууланд нутагшуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм" гэжээ.

 

Мөн энэхүү шагналыг Монгол Улсад онцгойлон гардуулж байгаа нь Зэрлэг хонины сангийн үндсэн зорилго болох “Зэрлэг хонийг ууланд авч үлдэх болон нутагшуулах” үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ.

 

АНУ-ын WSF /Зэрлэг хонь хамгаалах сан/1977 онд байгуулагдсан, 47 жилийн түүхтэй олон улсын байгууллага юм. Тус байгууллага аргаль хонины хамгаалал, судалгаа, зохистой ашиглалтын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна.

Related news