Монголд болох мэргэжлийн боксын тулааны оролцогчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ![](/files/67a9645c413d4.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын “WBA” холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions,Ulaanbaatar-2025” тэмцээн “Аса Арена”-д энэ сарын 15-нд болно.
Уг тулааны гол баатар нь гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Мексикийн тулаанч Педро Бернал Родригес нар байх юм. Э.Цэндбаатар анх удаа эх орондоо аваргын бүсний тулаан хийнэ. Монголд анх удаа болж буй энэ эвентийн хүрээнд манай шилдэг найман боксчин олон улсын шилдгүүдтэй тулалдана. Хүлээлтийг бүр ч нэмэгдүүлж буй нэг үйл явдал нь энэ удаагийн тэмцээнд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин Н.Төгсцогт гурван жилийн дараа эх орондоо рингэнд гарч тулалдаx юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийхдээ 12 ялж, хоёр ялагдан, нэг тэнцсэн билээ.
Мөн
тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг зургаан боксчин тулалдана. Тэдний
өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн зургаан орны чансаа өндөр найман тамирчин тодорчээ. Тэмцээний оноолтыг танилцуулья:
Э.Цэндбаатар \Монгол\
vs Педро Бернал \Мексик\
Н.Төгсцогт \Монгол\
vs Марк Антони \Филиппин\
Б. Төгөлдөр \Монгол\
vs Рахматиллоён Шарифов \Узбекистан\
Б. Мишээлт \Монгол\
vs Сунил Кумар \Энэтхэг\
О.Бямба-Эрдэнэ \Монгол\
vs Руслан Кириченко \ОХУ\
X.Бекнур \Монгол\
vs Токтосун Уулу Бекболсун \Киргизстан\
Э.Баярсайхан \Монгол\
vs Ибрахим Абдуллаев \Узбекистан\
X.Энх-Амар \Монгол\ vs Майкл Эскобиа \Филиппин\
Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес Монголд өчигдөр ирсэн. Тэрбээр “Сайн уу, монголчуудаа. Би Педро байна. Монгол гэхээр би хамгийн түрүүнд Чингис хааныг төсөөлдөг. Гэхдээ одоо та нарыг Чингис хаан шигээ хүчирхэг гэж бодохгүй байна. Би хувьдаа Монголын мэргэжлийн боксчин дэлхийд алдар нэрээ дуурсгасан нэг ч тамирчныг сонсоогүй. Саяхныг хүртэл Н.Төгсцогт л байлаа. Гэвч тэр одоо хөгшин. Мексик бол мэргэжлийн боксын 100 жилийн түүхтэй, 164 дэлхийн аваргатай агуу орон. Цэндээ, Төгсөө би та хоёрт мэргэжлийн бокс зааж өгнө. “Аса Арена”-д монголчуудынхаа өмнө зодуулахаа хүлээж бай. Удахгүй уулзацгаая” гэжээ. Педро мэргэжилд нийт 17 тулаан хийхдээ 14 ялж, нэг ялагдан, хоёр тэнцсэн амжилттай яваа. Мөн зургаан тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. 26 настай мексик тулаанчийн хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлxийн аварга юм.
Хоёр мэргэжлийн
тамирчны тулаан эхлэхэд ердөө тав хоног үлдсэн бөгөөд Э.Цэндбаатар, Н.Төгсцогт
нар “Ган” спорт цогцолборт бэлтгэлээ базааж байна.