ХСҮТ донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг анх удаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-10 16:41:01

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг анх удаа Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран амжилттай хийлээ.


Уг хагалгаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиглагч зөвлөхөөр оролцсон байна. Тэрбээр “Амьд донорын тал элгийг авах хагалгаа хийлээ. Энэхүү хагалгааг дурангаар хийснээр хайртай аавынхаа төлөө элгээ өгч байгаа тэр хүний биед бага сорви үүснэ. Өмнө нь маш том сорви үлддэг байсан бол одоо ердөө таван ширхэг нүх үлдэнэ гэсэн үг юм. Тэр нь хурдан эдгэнэ. Хайртай хүнээ аврахын төлөө эрүүл хүн мэс засалд ордог цорын ганц шалтгаан бол амьд донор болох явдал юм. Үүнийхээ хариуд бага сорвитой байвал ядаж хурдан тэнхэрнэ, гоо зүйн талаасаа ч цэвэрхэн харагдана” хэмээн ярилаа.


Харин ХСҮТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат ярихдаа, “Донор бол баатарлаг үйлстэн. Аливаа шарх бүхний цаана баатарлаг үйлс нуугдаж байдаг. Дэлхий дахин баатарлаг үйлстэнд өгөөмөр хандах зорилгоор донорын дурангийн аргыг нэвтрүүлсэн. П.Батчулуун эмч маань хэрвээ өнөөдөр энд байсан бол бидэнд их тус дэм болох байлаа. Гэвч үл ойлголцлоос шалтгаалан эмч маань шүүхийн өмнө очсон. Гэвч бид донорынхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж дурангийн мэс заслаа амжилттай хийлээ ” гэв.


Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлснээс хойш 2025 оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ. Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр анхны хагалгаагаа хийсэн нь энэ.

Уг мэс заслын багийг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн их сургуулийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн ерөнхий нарийн бичгийн дарга Кван Вүүн И ахалсан байна.






Related news