Хүний эрхийн дэд хорооныхон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-13 12:19:16

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр зохион байгуулдаг ээлжит уулзалт энэ сарын 12-нд болов.


Уулзалтын эхэнд Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан ГХЯ-наас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Монгол Улс 2010 оноос эхэлж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ хэлэлцүүлж, 2015 онд II, 2020 онд III илтгэлээ хүргүүлж хэлэлцүүлсэн. Энэ оны арваннэгдүгээр сард IV илтгэлээ хэлэлцүүлэх хуваарьтай гэдгийг танилцуулгынхаа эхэнд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Д.Бат-Өлзий дурдав.

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын III илтгэлийг хэлэлцээд, 190 зөвлөмж өгснөөс манай улс 170-ыг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр тогтсон юм. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүднээс ГХЯ холбогдох бусад байгууллагаас санал авч, “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газар 2023 оны 357 дугаар тогтоолоороо баталжээ. Үргэлжлүүлэн тэрбээр тус ерөнхий төлөвлөгөөнд заасан арга хэмжээг дангаар болон хамтран хэрэгжүүлдэг байгууллагуудыг танилцуулаад “Үүн дээр бүх шатны Засаг дарга нар Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг хэрэгжүүлж ажилладаг” хэмээн тодотгов. Давхардсан тоогоор Хууль зүй, дотоод хэргийн яам 20, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 19, Эрүүл мэндийн яам 11, Боловсролын яам 10, Цагдаагийн ерөнхий газар 9 зэрэг тооны зөвлөмжийг тус тус хариуцан дангаар эсвэл хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

 

Энэ оны арваннэгдүгээр сард IV илтгэлийг хэлэлцүүлэх бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ-наас хэрэгжүүлж буй ажлыг дэд захирал Д.Бат-Өлзий танилцууллаа. Засгийн газрын 2023 оны 357 дугаар тогтоолоор Гадаад харилцааны сайдад “ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр сард багтаан орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, хэрэгжилтийн тайланг, цаашид авах арга хэмжээний саналын хамт тухайн жилийн хоёрдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг даалгасан байдаг. Тус яам ерөнхий төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийн мэдээг авахаар 47 байгууллагад албан бичиг илгээжээ. Үүнээс 26 нь буюу 55 хувь нь мэдээгээ ирүүлсэн гэв.


Бүх байгууллага мэдээгээ ирүүлсний дараа нэгтэн, тайлангийн төслийг боловсруулж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АТГ, ТЕГ, ШЕЗ, УЕПГ зэрэг холбогдох байгууллага, болон Хүний эрх, хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Сэтгэлзүйн мэдрэмж зэрэг иргэний нийгмийн 6 байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүн бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэх аж. Холбогдох хуулийн өөрчлөлтөөр байгууллагын нэр өөрчлөгдсөн, албан тушаалтнууд солигдсонтой холбогдуулан орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр энэ үеэр дурдаж байв.

 

Зөвлөлөөр тайланг хэлэлцүүлж, зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан цаашид авах арга хэмжээний саналыг нэгтгэн хоёрдугаар сарын 26-нд болох Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэлээ. Илтгэлийг 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд хамгаалах бөгөөд ГХЯ заасан хугацаанд багтаж илтгэлээ хүргүүлэхээр хуваарь гарган ажиллаж байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.


Дараа нь “Хүний эрхийн форум”-ыг төлөөлж Хууль судлал, хөгжлийн төвийн тэргүүн, доктор /PhD/, профессор В.Удвал “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилт ба хүний эрхий зарим асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан юм. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс даган мөрдөж эхэлсэн болохыг тэрбээр онцлоод, Үндсэн хууль хэрэгжиж эхэлсний 33 жилийн ой тохиож буйг дурдав. Үндсэн хуулийн үнэт зүйлсийн нэг нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах бөгөөд үүний тулд төр эрх мэдлээ оновчтой хуваарилж, хяналт тэнцлийг хангах үүрэгтэй. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийг шинээр байгуулсан, иргэний гомдол гаргах эрхийг баталгаажуулсан зэргээр төрийн дур зоргын үйлдлийг хязгаарлах механизмуудыг Үндсэн хуульд тусгасан байдгийг дэлгэрэнгүй тайлбарлав. Үндсэн хуулийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур тодорхойгүй улмаас хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байдаг талаар тэрбээр илтгэлдээ дурдаад, хүний эрхийн хандлагад гарч буй өнөөгийн өөрчлөлүүдийг онцоллоо. Доктор /PhD/, профессор В.Удвал үргэлжлүүлэн Үндсэн хуулийн хэрэгжилт ба гажилтын талаар болон хүний эрхийн чиглэлээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүргүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан. Төгсгөлд нь холбогдох дүгнэлт, шийдлийн саналуудаа танилцууллаа.


Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 33 минутад баталсан бол тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минутаас улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн гэдгийг С.Эрдэнэболд дарга дурдаад, энэ удаагийн ээлжит уулзалтыг Үндсэн хуулийг мөрдөж эхэлсний 33 жилийн ойн өдрөөр товлосон гэлээ. Түүнчлэн УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд одоо мөрдөгдөж буй эрх зүйн орчинд нийцүүлэн иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах боломжтой талаар саналаа хэлж, оролцогчидтой санал солилцов. Үргэлжлүүлэн Х.Баасанжаргал гишүүн өмнөх уулзалтуудын үеэр төлөвлөсөн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн дараагийн уулзалтыг товлож, Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг 2025 оны арваннэгдүгээр сарын 4-нд хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар уулзалтад оролцогчид санал солилцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Related news