Хуулийг хоёр өөр хэрэглээтэй мэт харагдуулдаг журмуудыг цэгцэлж, хүн бүр эрх тэгш байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67adb53d47e42.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод энэ сарын 12-нд ажиллалаа.
Энэ үеэр улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм. УИХ-ын дарга нээлтийн үеэр язгуур урлагийн
арвин өв, соёл бүхий Увс нутгийнхан 50 гаруй жилийн дараа шинэ театртай болж
буйд баяр хүргээд уламжлал шинэчлэлийг хослуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх
замаар үндэсний өв, соёлоо нандигнан үлдээх, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх
нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотголоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улаангом хотын эл
шинэ театрт иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль
тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав.
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 81
гишүүн нь анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд салбар бүрийн төлөөллүүд
хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн нь энэ парламент эрх зүйн
шинэчлэлийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг харуулж байна хэмээн УИХ-ын дарга
уулзалтын эхэнд тодотгосон юм.
Тэрбээр, өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй 900 орчим
хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд хоорондын давхцал, хийдэл, хэрэгжилтийг иж
бүрэн судалж, цогцоор нь гурван чиглэлд өөрчлөх зүй ёсны шаардлага байгааг
дурдлаа. “Гурван төгөлдөршил” буюу хүний эрхийг хангасан, цаг үетэйгээ нийцсэн,
иж бүрэн зохицуулалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай улс
төрийн намын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсгүүд ажилдаа орсныг
онцлов. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг хоёр өөр мэт харагдуулдаг хуулиас
давсан журмуудыг цэгцэлж, нийслэл болон орон нутгийн хаана ч Монгол Улсын иргэн
бүр Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлдэг байх ёстойг
чухалчиллаа. Амьдралын хэмнэл, нийгмийн хөгжил хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй
энэ үед хуулиа шинэчлээгүйн улмаас зөрчил үүсэж байгааг 1997 онд баталсан
Дампуурлын тухай хуулиас болж татан буугдаж чадахгүй байгаа 150 мянга гаруй аж
ахуйн нэгжтэй холбон тайлбарлав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн, өнөөгийн нийгмийн
харилцааны 30 хувийг хуулиар, үлдсэн 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь хүнд
суртал, хээл хахууль, шударга бус байдлыг нэмэгдүүлж буй нэг шалтгаан хэмээгээд
эдгээр журмыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид парламент
баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнэх бус бодлогын шийдлүүдийн бодит үр дүн
буюу бүрэн эрхийнхээ хугацаанд өсөн нэмэгдсэн макро эдийн засгийн
үзүүлэлтүүдээр ажлаа тайлагнадаг шинэ жишигт шилжинэ гэв.
Уулзалтын үеэр
Улаангом хотын иргэд бүс нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг бүтээн
байгуулалтыг орон нутагт эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого
бодитоор өсөх боломжтойг хэлж байлаа. Түүнчлэн Увс аймаг нь баруун бүсийн газар
тариалангийн тулгуур бүсэд хамаарах тул тариаланчдыг бодлогоор дэмжих, төсөвт
хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хангах талаар уламжлав. Хязгаар нутагт бизнес
эрхэлж буй хувийн хэвшлийнхний төлөөлөл тээвэр, ложистик, бүтээгдэхүүн,
үйлчилгээний нэмүү өртөг шингэсэн зардлуудаас гадна арилжааны банкны зээлийн
хүү, татварын хувь хэмжээ нь асар их дарамт болж байгааг хэллээ. Иймд татварын
тогтолцоог шинэчилж, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд таатай
орчин бүрдүүлж өгөхөд анхаарахыг хүсэв.
Уулзалтын үеэр
иргэд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ахмад настны тухай
хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан
хоршоологчид өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл хот руу нийлүүлж буй
сайн туршлагаасаа хуваалцав. Мөн УИХ-аас зохион байгуулж буй хяналтын
сонсголуудын араас үр дүнг баталгаажуулах, хариуцлага тооцох ажлыг
эрчимжүүлэхийг захилаа.
УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ онд Увс аймагт
хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулж, парламентын үйл ажиллагаа, бодлого
шийдвэрийн талаар иргэд өөрсдийн дуу хоолой, санал хүсэлтээ D-Parliament цахим системээр дамжуулан ирүүлэхийг
уриалав. УИХ-ын гишүүн М.Мандхай
хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй
хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, Шинэ хоршоо хөдөлгөөний үр дүн, тулгамдаж буй
асуудал, зорилтот ажлуудын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга
Д.Амарбаясгалангийн орон нутаг дахь томилолт Увс аймагт үргэлжилж байна хэмээн
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.