Пап XIV Лео энх тайвныг тогтоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-12 10:51:05

ВАТИКАН, 2025 оны тавдугаар сарын 12 /NHK/. Пап лам XIV Лео Ромын Католик сүмийн шинэ тэргүүнээр сонгогдсоныхоо дараа ням гаргийн анхны айлдвараа айлдах үеэрээ дэлхий даяарх зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ.


Тэрбээр Ватикан хотын Гэгээн Петрийн сүмийн тагтан дээр гарч, цугласан олонд хандан үг хэлэх үед Гэгээн Петрийн талбайд 100 мянга орчим хүн цугларсан байна. 


Пап лам XIV Лео Украинд аль болох ойрын хугацаанд шударга, өнө удаан энх тайван тогтоохын тулд бүх хүчээ дайчлахыг уриаллаа. Мөн Газын зурваст нэн даруй дайны галыг зогсоож, тус нутагт байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагааг сэргээж, барьцаанд байгаа бүх хүнийг суллахыг уриалсан байна.


Пап лам дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан дахин дайн дэгдэхээс сэрэмжлүүлэн уриалахдаа талийгаач Пап лам Францисын үгийг эш татжээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт пап ламын хувиар сүсэгтэн олны өмнө анх удаа үг хэлэхдээ энх тайван гэдэг үгийг хэдэнтээ тодотгож байв. 

 


Related news