Олег Салюковыг албан тушаалаас нь чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 16 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт зарлиг гарган Олег Салюковыг Хуурай замын цэргийн командлагчийн албан тушаалаас чөлөөлж, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогчоор томилжээ. Шинэ ерөнхий командлагчаар Украинд тулалдаж буй "Центр" бүлгийг удирдаж байсан хурандаа генерал Андрей Мордвичев томилогдоно.
О.Салюков энэ сард 70 нас хүрнэ. ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар генерал цолтой албан тушаалтнуудын алба хаших насны дээд хязгаар нь 70 нас юм. Тэрбээр Украинд эхлүүлсэн дайны улмаас Европын Холбооны хориг арга хэмжээнд оржээ. О.Салюков ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ерөнхий командлагч байх хугацаандаа (2014-2025 он) Ялалтын баярын парадуудыг удирдаж байсан юм.
Хурандаа генерал А.Мордвичев нь Украин дахь дайнд идэвхтэй оролцож байгаа. 2022 онд түүнийг ОХУ-ын Өмнөд цэргийн тойргийн командлагчийн орлогчоор томилжээ. Оросын цэргүүд Украинд халдан довтолж эхлэх үед түүний удирдлага дор Мариуполь хотыг эзэлсэн байна.
А.Мордвичев 2023 онд Төв цэргийн тойрог, "Центр" бүлгийн командлагч болсон байна. Донецкийн чиглэлд хийсэн довтолгооны үеэр түүний удирдлага дор Авдеевка, Очеретино, Селидово, Украинск, Курахово хотуудыг эзлэн авчээ.
2023 оны зургаадугаар сард Европын Холбоо, Швейцар улс түүнд хориг арга хэмжээ авсан байна.