Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-20 21:01:46

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойн энэ өдөр Онцгой байдлын албаны түүхэн музей шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ярихдаа, “Анх 2016 онд Онцгой байдлын байгууллагын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгийн, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор албаны музейг байгуулж байсан түүхтэй. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх мэдлэг, мэдээллийг түгээх ач холбогдолтой юм. Онцгой байдлын албаны музейн дахин шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаад талархлаа илэрхийлж, Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе” гэв.


Тус музейд Онцгой байдлын байгууллага болон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан сүх, хувцас, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 2630 гаруй эд өлгийн зүйлсийг үзмэрт дэлгэжээ.







 

Related news