Ж.Энхсайхан: Бүс нутгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэхэд анхаарах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-24 17:09:44

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  “Зүүнхойд Азийн энх тайван, хөгжил дэвшил ба Солонгосын нэгдлийн асуудал, Монголын форум”  энэ сарын 20-24-нд болов.


Монгол Улс хөрш орнуудтайгаа сайн хөршийн харилцаатай, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаангүй Зүүн хойд Азийн төдийгүй олон улсын хэмжээнд цөмийн зэвсгээс ангид статусаа улс төрийн хэмжээнд баталгаажуулсан цорын ганц улс юм.Түүнчлэн хоёр Солонгостой аль алинтай нь найрсаг харилцаатай. Тиймээс БНСУ, Хятад, Япон, Орос, Монгол болон АНУ-ын ТББ болон судалгааны зарим байгууллага хамтран Зүүн хойд Азийн энхтайван, хөгжил дэвшил ба Солонгосын нэгдлийн асуудлыг Улаанбаатарт хэлэлцэж байхаар тохирч, “Монголын форум”-ыг 2018 онд зохион байгуулсан. Уулзалтаар бүс нутгийн худалдаа, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг хэлэлцэж санаа бодлоо олон нийтэд болон өөрсдийн засгийн газартаа уламжилдаг. Харин хоёр жилийн өмнөөс Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа аж. 


“Цэнхэр сүлд” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Энхсайхан ярихдаа, Энэхүү уулзалт жил ирэх тусам өргөжиж, хүрээгээ тэлсээр байна. Бид өнгөрсөн жил  олон улсын залуучуудад байгаль, нүүдэлчин ахуйг таниулах зорилгоор морин аяллыг зохион байгуулсан. Мөн өмнө нь тодорхой асуудлаар санал бодлоо солилцдог байсан бол одоо уулзалтын үр дүнд хамтарсан мэдэгдэл гаргадаг болсон. Энэ удаагийн уулзалтаар залуучуудын оролцоог чухалчилж, 19 орны 20 гаруй залуусын дунд экологийн хөдөлгөөнийг зохион байгуулсан. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн болон бүс нутагт тулгамдаад буй цөлжилтийн асуудлыг онцолж байна. Манай улсад Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцын 17 дугаар хурал болно.Үүнийг хэрхэн зохион байгуулах, яаж оролцох талаар санал солилцсон. Эдгээр асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргаж, 2026 онд хийх ажлынхаа агуулга, хэлбэрийг төлөвлөнө” хэмээв.


Түүнчлэн Зүүн хойд Азийн бүх улсыг оролцуулсан эдийн засгийн нэгдсэн үр дүнтэй хамтын ажиллагааны механизм байгуулах боломж болон  хоёр Солонгосын тасарсан харилцааг сэргээх талаар ярилцав. Мөн тэрбум мод тарихад олон улсын хэмжээнд хэрхэн дэмжиж тусалж болох, ТББ-уудын шугамаар босгож болох хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх, НҮБ-аас ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих явдлыг нэмэх, мод тарих талаар хуримтлуулсан олон улсын тэргүүн туршлага, тухайлбал Өвөрмонголын туршлагатай танилцах ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.










Related news