Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй уулзах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 25 /Politico/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Нидерландын Хааг хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байгаа тухай “Politico” сонинд мэдээлжээ.
Цагаан ордон дахь эх сурвалжуудын мэдээллийг эш татан тус сонинд бичсэнээр, Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй лхагва гарагт буюу өнөөдөр уулзахаар төлөвлөж байгаа ажээ.
НАТО-гийн уулзалтын үеэр В.Зеленскийтэй уулзана гэдгээ Д.Трамп үгүйсгээгүй боловч үнэхээр уулзах эсэх, мөн хоёр талын уулзалт болох эсэхийг тодорхой хэлээгүй байна. Та Зеленскийд хандаж юу гэж хэлэх вэ? гэж асуухад тэрбээр “Сайн уу, ямархуу байна?" гэж хэлнэ хэмээн хариулжээ. “Зеленский хүнд байдалд орчихсон байгаа. Тэрбээр ийм байдалд орох ёсгүй байсан юм" гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.
НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалт Нидерландад өчигдөр эхэлжээ. Эвслийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга М.Рюттегийн хувьд энэ нь анхны өндөр түвшний уулзалт юм.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын батлан хамгаалахад зориулах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэх, өнөөгийн нөхцөл байдалд НАТО-гийн батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Иран, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг ерөнхийд нь хэлэлцэх төлөвтэй байна.