Тайланд улс Камбожтай залгаа хилээ хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК, 2025 оны зургаадугаар сарын 25 /KAZINFORM/. Тайландын цэргийнхэн Камбожтай залгаа хилийн дагуух шалган нэвтрүүлэх цэгүүдийг хааж, наймаачид болон жуулчдыг нэвтрүүлэхгүй байна. Тайланд, Камбож улсуудын хооронд нутаг дэвсгэрийн маргаан ширүүсч буй үед энэхүү шийдвэрийг гаргасан тухай The Guardian сонинд мэдээлжээ.
Убонратчатхани, Сурин, Бурирам,
Сисакет, Са Кео, Чантхабури, Трат гэсэн долоон мужийн нутаг дахь Камбожтай
залгаа хилийн зурвасаар Тайландын болон гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгийг Тайландын арми, Тэнгисийн цэргийн флотын командлалын мэдэгдэлд дурдсан байна.
Өнгөрсөн тавдугаар сард хоёр
улсын хилийн дагуух маргаантай нутаг дэвсгэрт буудалцаан болох үеэр Камбожийн
нэг цэрэг амь үрэгдсэнээс хойш түгшүүртэй байдал улам хурцадсан юм.
Сөргөлдөөнөөс үүдэлтэй улс төрийн хямралтай нүүр тулсан Тайландын Ерөнхий сайд Пхетхонгтхан
Чинават хэлэхдээ, хуурай замын хилийн хяналт шалгалтыг чангатгаж, зөвхөн
яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүмүүс, оюутнуудыг хилээр нэвтрүүлнэ гэдгийг
мэдэгдлээ.
Мөн хоёр тал бие биеийнхээ эсрэг хариу
арга хэмжээнүүд авсаар байна. Сүүлийн үед Камбожид Тайландын кинонуудыг
телевиз, кинотеатруудад гаргахыг хориглосноос гадна жимс ногоо, хий, түлш
шатахууныг Тайландаас импортлохыг зогсоосон байна. Хариуд нь Тайланд улс хилийн
хяналтаа чангатгаж, визийн хугацааг богиносгосон байна. Гадаадын иргэдэд олгох
визийн хугацаа 60 хоног байсныг 30 хоног болгохыг Ерөнхий сайд тушаажээ.