Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-27 12:37:19

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу бараалхлаа.


Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Стратегийн түнш Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. Энэ хүрээнд зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг  бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо. 


Түүнчлэн манай хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бийг талууд тэмдэглэв. Мөн хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд тээвэр, логистикийн шинэ дөт маршрут, коридорыг бий болгох нь тээвэрлэлтийн түргэн шуурхай, тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. 


Сайд Мурат Нуртлеу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж, тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, байгууллагууд ойр нягт хамтран ажиллаж буйг талууд сайшаан цаашид улам бүр идэвхжүүлэхийн төлөө буйгаа нотлов. 


Related news