Олимпийн бус жингийн ДАШТ-д хүч үзэх бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-10 10:16:28

Унгар улсад энэ оны 12 дугаар сард болох олимпийн бус жингийн ДАШТ-д оролцох бөхчүүдийг шалгаруулах сорилго тэмцээн “Хасу-Мегаватт” компанийн спортын “Эко цогцолбор”-т амжилттай боллоо.

Тэмцээнд “Алдар”, “Хилчин” спорт хороо, “Арслан”, “Гацуурт-Олимп”, “Дархан-Хасу-Мегастарс”, “Женко”, “Харгант-Цамхаг” клуб, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулиас эрэгтэй 24, эмэгтэй 9 нийт 33 бөх өрсөлдлөө. Тэмцээнд 2016 оны Бүх ард түмний спортын наадам /БАТСН/-ын мөнгө, хүрэл медальтнууд, оюутны ДАШТ, Ази тивийн АШТ, ОУТ-ээс медаль хүртсэн бөхчүүд багтсан юм.

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон бөхчүүд оролцоогүй. Эрэгтэй 61 кг-д аваргын төлөөх барилдаанд ОУХМ Б.Нэмэхбаярыг 10:4 оноогоор ялсан “Арслан” клубын бөх,  ОУХМ Т.Тулгыг 10:3 оноогоор хожсон энэ оны БАТСН-ын аварга, ОУХМ Б.Түвшинтулга, эрэгтэй 70 кг-д аваргын төлөөх барилдаанд “Гацуурт-Олимп” клубын бөх, ОУХМ Г.Идэрхүүг 10:4 оноогоор ялсан энэ оны БАТСН-ын аварга, ОУХМ Б.Батзориг, эмэгтэй 55 кг-д аваргын төлөөх барилдаанд ОУХМ Г.Отгонжаргалыг 11:0 оноогоор хожсон ОУХМ Д.Отгонцэцэг, 60 кг-д ОУХМ БАТСН-ын аварга, ОУХМ О.Отгонтуяаг 10:1 оноогоор ялсан ОУХМ Б.Шоовдор нар тус тус аваргалж энэ удаагийн ДАШТ-д барилдах эрх авлаа.

Сорилго тэмцээнийг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Үндэсний шигшээ багуудын албаны дарга, ардын багш Ч.Насантогтох, холбооны Хууль, ёс зүйн зөвлөлийн гишүүн, гавьяат эдийн засагч, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхлоо.

Д.Өлзий

Related news