Хот тохижуулах газрын даргыг ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаггүй гэж шүүмжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хот тохижуулах газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо хэвлэлийн бага хурал зарлаж саяхан томилогдсон Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаярыг ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаггүй, удирдлага, зохион байгуулалтаар хангаж чаддаггүй зэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдлээ.
Тус газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ, “Б.Оюунбаяр дарга ажлаа хүлээж аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлээгүй, илүү цагаар ажиллуулж, Хот тохижуулах газрын 40 жилийн ой тэмдэглэх нэрийдлээр ажилчдын нэг өдрийн цалинг суутгасан, ур чадварын нэмэгдлийг хассан. Өөрийн ажлын өрөөндөө супер засвар хийлгэж, 2 сар хүрэхгүй хугацаанд 3 жолооч сольсон, албаны машиныг хувьдаа ашигласан” гэлээ. Үүний дараа тус газрын дарга Б.Оюунбаяртай уулзахад, "40 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд ажилчдын уриалга гарч нэг өдрийн цалингаа хандивлаж баяраа тэмдэглэсэн. Би нэг ч ажилтанг ажлаас халж бас нэмж аваагүй. Мөн ажилчдын цалин, урамшууллыг ч хасаагүй. Мөн ямар ч жолооч шинээр аваагүй” гэсэн юм. Харин Орхон аймагт хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор Хот тохижуулах газраас ажлын хэсэг байгуулагдаж Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Төв аймаг, Дархан хотын Хот тохижуулах газрын үйл ажиллагаатай танилцаж гэр хорооллын хогны менежментийг өөрчлөх чиглэлээр тодорхой ажил хийхээр болсон гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ