“Хайрын гар” арга хэмжээний хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-11-19 23:23:13

Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгааллын асуудалд суурилсан хамтын ажиллагааны загварыг төрийн байгууллагын  хооронд бий болгох, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хайрын гар” арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж байна.

Мөн хүүхэд хамгааллын асуудал бие даасан салбар болж, эрх зүйн орчинтой болж хөгжиж байгаа тул энэ асуудалд салбар дундын бодлого, зохицуулалтын хүрээнд анхаарах хэрэгтэйг нийтэд ойлгуулах, урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлэх бодлого барьж байгаа гэнэ. Тус аймагт  гэр орондоо айдас түгшүүр байнга төрүүлдэг 255 орчим эцэг эх, 312 хүчирхийлэлтэй өрх байна гэсэн судалгаа гарчээ. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэлд  25 хүүхэд өртсөнөөс сургуулийн орчинд 18, олон нийтийн газарт 7 хүүхэд хүчирхийллийн золиос болжээ.

Мөн багш хүүхдийн эрхийг зөрчиж, бие махбодид нь халдах, тэдэнтэй хүндэтгэлтэй бус хандах тохиолдол арилахгүй байгаа учраас “Хайрын гар” арга хэмжээгээр дамжуулан олон нийтийн анхаарлыг хүүхдээ хамгаалах, тэдэнд ээлтэй орчныг ямагт бүрдүүлэх, хүмүүжлийн эерэг арга барилыг хэрэглэж байхыг уриалж, дадал олгоход анхаарч ажиллаж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news