“Эрчим” овгийн ямааг үүлдэр болгох судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгох, “Эрчим” омгийн хар ямааг үүлдэр болгохын тулд цөм сүргийн 300 хээлтэгч, 50 хээлтүүлэгчийг Дэлхийн зөн Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн эдийн засгийн төслөөс 40.0 сая төгрөгөөр санхүүжүүлэн авч суурь зохион байгуулан хамтран ажиллаж байна.
“Эрчим” омгийн ямаанд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийх ажлыг удирдамжийн дагуу ажиллаж, 6 ямааг нядалж, махны ашиг шим, дайвар бүтээгдэхүүнийг 43 үзүүлэлтээр тодорхойлох судалгаа хийж байгаа гэнэ. Ажлын хэсгийнхэн ирэх хавар ямааны амьдын жин, биеийн хэмжээ, ноолуурын гарц, ердийн урт, өтгөн, өнгө туяа зэргээс гадна сүүний гарцыг газар дээр нь нүдээр үзэж тодорхойлохын хамт судалгаанд хамрагдсан ямаа нэг бүрээс 2-3 грамм ноолуурын дээж авч, итгэмжлэгдсэн лабораторид илгээх аж.
Мөн ноолуурын голч атираа, ноолуур хялгасны харьцааг тодорхойлсны дараа ноолуурын чиглэлийн хар ямааг бий болгосон үржүүлгийн арга, удам гарвалын бүтэц, удам бүл үндэслэгч, залгамжлагчдыг үр төлийн чанараар шалгасан үндсэн материалууд, үржлийн бүртгэл тайлан мэдээлэл, үржилд бойжуулж худалдсан малын тоо, арчилгаа маллагаа, тэжээллэгийн горим, эдийн засгийн үр ашиг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайдын зөвлөлд танилцуулан “Эрчим” омгийн ямааны үүлдрийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн эсэх санал, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргах ажээ.
Б.Гантуяа