Төсөв хүндэрсэн учраас золбин нохой устгаж чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилт үйлчилгээний төв энэ онд золбин нохой устгахаар 8 сая орчим төгрөгийг төсөвлөсөн боловч орон нутгийн орлого дутаа алдагдалтай байгаа учраас устгал хийх боломжгүй байна.
Энэ жилийн хувьд 1 сая төгрөгийн санхүүжилтээр өнгөрсөн 9 сард 500 гаруй нохойг устгажээ. Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын иргэдийн дунд золбин нохойд хазуулах, нохойд хөөгдөх зэрэг тохиолдол нэмэгдсээр байгаа боловч ямар нэгэн шийдэлд хүрч арга хэмжээ авч чадахгүй байна. Тус аймаг нохойн асуудлыг шийдэх зорилгоор нохой саатуулах түр байр барьж иргэдийн тэжээвэр нохойг пайзжуулах нэрээр 5000 төгрөг хураан авч сүр дуулиантай ажил эхэлсэн ч үр дүнд хүрсэнгүй. Ялангуяа аялал жуулчлалын тулгуур төв гэдэг мөртлөө аялж яваа гадаадын иргэд Мөрөн суманд золбин нохойд хөөгдсөн асуудал гарсан байна.
Иргэдийн өмнө өдөр тутмын шүдний өвчин болсон нохойн асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Б.Гантуяа