Хөвсгөлийн хүү мөнгөн цом хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Ш.Мөнхтөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон Соробан сампингийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож 2-р байрт шалгарч мөнгөн цом хүртжээ.
Тус тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 15-18-ы өдрүүдэд болж 30 гаруй орны хүүхдүүд оролцож оюун ухаанаа сорин өрсөлджээ. Хөвсгөл аймагт 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын Тояа хүүхэд хөгжлийн академийн салбар соробан сампингийн дугуйлан хичээллэж өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхдүүд тогтмол хичээллэдэг байна. Ш.Мөнхтөр соробан сампингаар хичээллээд жил гаруй болж буй бөгөөд өнгөрсөн хавар Улаанбаатар хотод болсон тэмцээнд оролцож Дубай хотод болох тэмцээнд оролцох эрх авчээ. Энэ удаагийн тэмцээн 6 ангилалд явагдсаны нэг ангилалд нь Ш.Мөнхтөр амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарч мөнгөн цомын эзэн болжээ.
Япон улсад анх хөгжиж 500 жилийн түүхтэй энэ сампин нь тоог чээжээр бодох чадварыг хүүхдэд суулгахаас гадна хүний оюун ухааны хөгжилд ихээхэн ач тустай нь нэгэнт нотлогджээ. Манай улсад Соробан сампин харьцангуй хурдацтай хөгжиж салбар нь төв, хөдөөд олноор нээгдэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь энэхүү үйл ажиллагааг дэмжиж 2015 оноос дэргэдээ дугуйлан бий болгон залуу багш нартайгаа хамтран ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа