2000 гаруй шүрээр чимэглэсэн тоорцог Ховдын музейд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн музейд 2115 ширхэг жижиг, 44 ширхэг том шүр орсон шүрээр хээ угалз гаргаж, чимэглэн тогтоосон гоёмсог торгууд үндэсний тоорцог малгай хадгалагдаж байна.
Ховд нутгийн олон үндэстэн ястанууд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хувцасны соёлыг хадгалж ирсний нэг нь тоорцог малгай юм.
Тоорцог малгай нь хэлбэр дүрс, материалын сонголтоосоо хамаараад өөр өөр байдаг нь тухайн ястнуудын өөрийн гэсэн бэлгэдэл, гоо зүйн онцлогийг харуулна. Энэ нь дотроо халх эрчүүдийн тоорцог, торгууд тоорцог, урианхай авгайн чихтэй тоорцог, өөлд тоорцог, дөрвөд товь тоорцог, баяд товь тоорцог, казак тоорцог, хотон тоорцог гээд олон янзын тоорцог байдаг ажээ. Эдгээр тоорцогнуудаас ур хийц, хэлбэр дүрс, материалын сонголт, гоо зүй, гоёл чимэглэл зэргээрээ хамгийн өвөрмөц онцлогтой тоорцог бол торгууд тоорцог юм.
Торгууд эмэгтэйчүүд өвөл зунгүй өмсдөг торгууд тоорцогт өвөлд тусгай магнайвч, чихэвч, эрүүвч хэрэглэдэг. Торгууд тоорцог толгойд тогтоцтой цомбогор учраас хүнийг өндөр гоолиг болгож харагдуулна. Тоорцогны оройн шүрэн сампингаас сул залаа унжсан байх ба тоорцогны хөвөөний баруун зүүнд өвсөн луу хэмээгдэх луун хээгээр чимэглэсэн байдаг.
Тоорцог малхай
Толхойн чимэг
Торгууд авгай
Гэрийн чимэг….. хэмээн торгууд ардын дуунд дуулдаг.
А.Бямбасүрэн