Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гурван хүүхэд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-10 23:32:21
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймагт  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртсөн 24 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байдлаас үүдэж 2 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Мөн нэг хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн тохиолдол гарчээ. Түүнчлэн 12 хүүхэд үл хайхрах, 9 хүүхэд бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэж ГБХЗХГ-ын мэргэжилтэн Н.Чулуунцэцэг илтгэлдээ дурдлаа. Хүчирхийллийн улмаас 1-15 насны гурван хүүхэд амиа алдсан гэнэ. Тодруулбал, үл хайрхах хүчирхийллээс үүдэж хоёр хүүхэд үерийн ус болон жорлонгийн нүхэнд унаж энджээ. Нэг хүүхэд сэтгэл санааны хямралаас үүдэж амиа хорлосон байна.  Иймд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, түр байршуулах байрны үйл ажиллагааг өргөжүүлж, стандартад нийцүүлэх хэрэгтэй гэж ГБХЗХГ-ын мэргэжилтэн "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох" хэлэлцүүлгийн үеэр хэллээ. Түүнээс гадна хүчирхийлэлд өртсөн, өртөх эрсдэлтэй хүмүүст үзүүлэх үйлчилгээнд зарцуулж буй санхүүжилтийг нэмэгдүүлэх саналыг гаргалаа.

Харин  Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь улсын байцаагч  Ё.Эрдэнэболд хэлэхдээ,  “Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийсэн байна. Судалгааг аймгийн нийт өрхийн 8.6 хувьд буюу 24 багийн 2400 айлд явуулахад 40 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэгэн эрсдэлтэй гарсан” гэлээ.   Аймгийн Цагдаагийн газарт энэ төрлийн гэмт хэрэг 2015 онд 60, 2016 оны 5-р сарын байдлаар 22 бүртгэгдсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

Related news